Хууль зүйн доктор, профессор Т.Очирбаттай хамтран туурвиж, доктор Т.Бямбаагийн хянан тохиолдуулсан “Криминалистик” сурах бичиг 2025 оны Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны нэг сэдэвт бүтээлийн төрөлд тусгай байрын шагнал хүртжээ. Тус сурах бичиг нь бакалаврын түвшний суралцагчдад зориулагдсан бөгөөд криминалистикийн ерөнхий онол, арга зүй, техник зүйн чиглэлийг хамарсан нийт 21 бүлэг, 89 сэдэвтэй, 48 хэвлэлийн хуудас бүхий бүтээл юм.
Энэхүү бүтээл нь Монгол Улсын Гавьяат багш С.Бадарчийн Евроазийн криминалистикийн академик дэг сургуулийн агуулгад тулгуурласнаас гадна Англо-саксон болон дорно дахины криминалистикийн онцлогийг тусгажээ. Мөн латин, кирилл бичгийн уламжлалт бичиг судлал дээр монгол бичигт хийх криминалистикийн шинжилгээний сэдвийг нэмж, хөлийн мөрөөр нөхцөл байдал, сэтгэлгээг тогтоох болон мөрийн ангиллыг шинэчилсэн нь уг сурах бичгийн онцлог болсон байна.
Сурах бичигт Монголын судлаачдаас гадна ОХУ, АНУ, БНХАУ-ын эрдэмтдийн судалгааг өргөнөөр ашигласан байна. Түүнчлэн зохиогч уг уралдааны инновацын төрөлд “Амьтны биед хэмжилт хийх криминалистикийн арга зүй” төслөөр давхар оролцжээ.