Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд “Хууль зүйн салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа агентлагуудын төлөөлөл оролцож байна.
Арга хэмжээний үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний цахимжилт, шинэчлэлийн талаар танилцууллаа. Тус байгууллага нь 3.6 сая иргэн, 1.4 сая эд хөрөнгө, 272,421 хуулийн этгээдийн бүртгэлийг хариуцдаг бөгөөд E-Mongolia, E-Business системээр дамжуулан улсын бүртгэлийн 120 гаруй төрлийн үйлчилгээ, лавлагааг цахимаар үзүүлж байна. Мөн хуулийн этгээдийн нэрийн давхардлыг хиймэл оюун ухаанаар шалгах, тоон гарын үсэг ашиглах зэрэг шинэчлэлийг нэвтрүүлж буйг онцлов.
Түүнчлэн Хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газраас цахим үйлчилгээний тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хүргэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн салбарын зөвшөөрөл, лавлагааны чиглэлээр зөвлөгөө өгч, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байна.