Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдамжийн дагуу Хархорин суманд “Цахимд нягтал – Залиланд бүү хуурт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Дэлхийн хуримтлалын өдөр–2026” аяны хүрээнд болжээ.
Сургалтад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй иргэн, ерөнхий боловсролын гурван сургуулийн 60 гаруй сурагч, түүнчлэн Онцгой байдлын хэлтэс болон “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хархорин салбарын 60 ажилтан зэрэг нийт 170 гаруй хүн оролцсон байна. Арга хэмжээг сумын ГХУСАЗСЗ, Хаан банк, ХасБанк, Төрийн банкны салбарууд, Насан туршийн суралцахуйн нэгж болон өсвөрийн клубууд хамтран явуулав.
Үүний зэрэгцээ “Өсвөрийн энтрепренер”, “Өсвөрийн санхүүч” клубүүдийн сурагчдад санхүүгийн сахилга бат, хуримтлалын дадал төлөвшүүлэх зорилгоор “Хуримтлалтай клуб” уралдааныг өрнүүлж байна. Тус уралдаанаар клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, сурагчдын оролцоо, үр дүнг тодорхой шалгуураар үнэлэн шилдэг оролцогчдыг урамшуулахаар төлөвлөжээ.