Цахим залилан үйлдэгчид төрийн байгууллага, арилжааны банкуудын нэр, таних тэмдгийг ашиглан хуурамч холбоос бүхий зар, мессеж тараах нь ихэсжээ. Тэд "Урамшуулал аваарай", "Мэдээллээ баталгаажуулна уу" зэрэг өгөөш ашиглан иргэдийг албан ёсны вэбсайттай төстэй харагдах хуурамч хуудас руу чиглүүлдэг байна.
Хэрэв тухайн хуурамч хуудсанд банкны нэвтрэх нэр, нууц үг, картын дугаар болон нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулбал дансанд зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдэх өндөр эрсдэлтэй. Иймд холбоос нээхээсээ өмнө цахим хаягийг нь нягтлах, эргэлзээтэй холбоос дээр дарахгүй байх, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь лавлахыг зөвлөж байна. Цахим залилантай холбоотой мэдээллийг 102 болон 51-265666 дугаарт өгөх боломжтой.