Шатахууны шуурхай штаб болон салбарын яамны мэдээлснээр улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн (21–22 мянган тонн), дизель түлшний 27–28 хоногийн нөөцтэй байна. Түүнчлэн АИ-95 бензин 17 хоног, онгоцны түлш 34–36 хоногийн нөөц бүрдээд байна.
Энэ сард импортлохоор төлөвлөсөн шатахуун үе шаттай орж ирж байгаа бөгөөд эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилгоор БНСУ, Сингапурын нийлүүлэгч компаниудтай хэлэлцээ хийж буй ч тээвэр болон агуулах түрээслэхэд хүндрэл гарч байгааг албаныхан онцоллоо. Мөн АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газраас аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, түгээлт болон олголттой холбоотой гомдлыг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж байна.
Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор АМГТГ-ын менежментийн системийг Benzin.mn платформтой холбож, нийслэлийн 264 ШТС-ын шатахууны төрөл, оочер дарааллыг бодит цагийн горимоор харах боломжийг нээлээ. Үүнээс гадна төв зам дагуух зарим цэгийг 24 цагаар тасралтгүй ажиллуулах бөгөөд лабораторийн чанарын шинжилгээний дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр төлөвлөжээ.