Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүсэлтийн шийдвэрлэлтийг түргэтгэх зорилгоор e-burtgel.gov.mn цахим системийг ашиглалтад орууллаа. Жил бүр дуудлага, өргөдлийн тоо нэмэгдэж буй тул гар ажиллагаа шаарддаг хуучин системийг шинэчлэн автоматжуулжээ. Иргэд заавал биечлэн очих шаардлагагүйгээр хаанаас ч гар утас, компьютер ашиглан дүүрэг, орон нутаг, харьяалах нэгжээ сонгон цахимаар хандах боломжтой болсон байна.
Уг систем нь хиймэл оюун ухааны технологид суурилсан бөгөөд ирүүлсэн нотлох баримтыг автоматаар шалгаж, зохих нэгжид хуваарилан шилжүүлдэг. Хэрэглэгчид төрийн танилт, нэвтрэлтийн ДАН системээр дамжин хүсэлтээ илгээж, шийдвэрлэлтийн явцыг бодит цаг хугацаанд хянах боломжтой юм. Мөн Засгийн газрын 11-11 төв, “ХУР”, тоон гарын үсгийн систем болон улсын бүртгэлийн нэгдсэн сантай шууд холбогдож, 24 цагийн турш тасралтгүй ажиллана.
Түүнчлэн уг цахим үйлчилгээ нь харааны бэрхшээлтэй болон хараа султай иргэдийн хэрэгцээнд нийцсэн байна. Тухайлбал, NVDA болон VoiceOver зэрэг олон улсын дэлгэц уншигч программыг дэмжихээс гадна үсгийн хэмжээ томруулах, өнгөний ялгарал тохируулах боломжийг бүрдүүлжээ. Системийг нэвтрүүлснээр байгууллагын ажлын ачаалал буурч, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явц илүү нээлттэй, шуурхай болох ач холбогдолтой юм.