Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны аравдугаар сарын 6–8-ны өдрүүдэд “Хиймэл оюуны засаглалын практик: Бодит хэрэглээ, институцийн чадавх, инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдэвт бүс нутаг хоорондын бага хурал боллоо. Тус хурлыг БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Үндэсний мэдээллийн нийгмийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Астанагийн Төрийн албаны хаб хамтран зохион байгуулжээ.
Арга хэмжээнд Кавказ, Төв Ази, Ази, Номхон далайн бүс нутгийн 14 улсын төлөөлөгчид, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд оролцсон байна. Оролцогчид төрийн үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлж буй бодлого, сайн туршлага, сорилтыг хэлэлцэж, хариуцлагатай бөгөөд хүн төвтэй засаглалыг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр хиймэл оюуныг төрийн байгууллагад үр дүнтэй нэвтрүүлэхэд өгөгдлийн чанар, байгууллагын бэлэн байдал, хүний нөөцийн чадавх, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага болон салбар хоорондын хамтын ажиллагаа нэн чухлыг онцлов.