Төв аймгийн нутаг дэвсгэрт хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон нийт 22 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Тухайлбал, энэ сарын 12-ны өдөр Баяндэлгэр сумын хоёрдугаар багийн нутагт баавгай айлын гэр нураан 60 литр аарц авч явсан бол Мөнгөнморьт суманд малын хотны дэргэдээс бага насны адуу барьж дарсан хэрэг гарчээ. Түүнчлэн Батсүмбэр суманд айлын чацарганын хашаанд баавгай орсон байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг сумдын Онцгой комисстой хамтран ажиллалаа. Энэ хүрээнд бамбарууш дагуулсан гурван баавгай, хоёр бамбаруушийг ойн санд шилжүүлэн нутагшуулсан байна. Мөн айлын гэр нурааж, мал барьсан хоёр баавгайг аюулгүй болгох ажлыг зохион байгуулжээ.