Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын улирлын мод тарих арга хэмжээ орон даяар өрнөж байна. Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд болсон мод тарих ажиллагааг тус дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар нээсэн бөгөөд гадаад орнуудын элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцон 1,400 ширхэг мод тарилаа.
Мөн Говь-Алтай аймагт “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулж, тус аймгийн төвд 75 байгууллагын 2,500 гаруй албан хаагч 21 байршилд нийт 14,000 ширхэг мод суулгасан байна. Тус нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан, аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран нар оролцжээ.
Үүнээс гадна төрийн байгууллагууд тус аянд нэгдэж байгаа бөгөөд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олон намрын мод тариалалтын хүрээнд 100 ширхэг хайлаас суулгаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан байна.