“Тогтвортой хөгжлийг дэмжих татварын боловсролын үүрэг” үндэсний гуравдугаар зөвлөгөөн Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ. Тус зөвлөгөөнийг Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон “Монголтакс ТМЗ” ХХК хамтран зохион байгуулж, Сангийн яам, Боловсролын яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо дэмжигчээр оролцож байна.
Зөвлөгөөний үеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран “Татварын боловсрол олгох хүний нөөцийн хэрэгцээ, бодлогоос хэрэгжилт хүртэл” сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр Монголын татварын алба “Зөвлөн туслагч алба” болох дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө баталсныг онцоллоо.
Энэ хүрээнд 2026 онд “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” зорилтыг хэрэгжүүлж, татвар төлөгчийн эрсдэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, салбарын онцлогт тохирсон зөвлөгөө өгөх, дэвшилтэт технологи болон хиймэл оюун ухаан ашиглан хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих соёлыг тогтоохоор ажиллаж буйг мэдээллээ.