Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн 231 дүгээр дамжааны суралцагч Н.Номин “NEW NORMAL 2026” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын “Олон улсын харилцаа” салбар хуралдаанд гуравдугаар байр эзэллээ. Тэрбээр Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч О.Болорцэцэгийн удирдлага дор “Цахим халдлага, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн зохицуулалт ба олон талт хамтын ажиллагаа” сэдвээр судалгааны ажил гүйцэтгэж оролцсон байна.
Социал демократ Монголын залуучуудын холбооны санаачилгаар зохион байгуулсан уг хурал 2026 оны аравдугаар сарын 13-20-ны өдрүүдэд зургаан чиглэлээр болж, нийт 400 гаруй бүтээл хүлээн авчээ. Тус хурлын зорилго нь судалгааны ажлын үр дүнг төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцтай уялдуулах, залуу судлаачдын мэдлэг, туршлагыг солилцуулахад чиглэсэн байна.