Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж, тус байнгын хороо төслийг дэмжлээ. Манай улсад одоогоор стандарт хэрэгжүүлэхээр заасан 71 хуулийн хүрээнд нийт 6657 стандарт мөрдөгдөж буй бөгөөд өмнөх үзлэгүүдээр 1369 стандартыг шинэчлэх, 323 стандартыг хүчингүй болгох, 228 стандартыг шинээр боловсруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оноос хойш боловсруулж, улсын хэмжээнд гурван удаа, салбарын хэмжээнд 60 гаруй хэлэлцүүлэг өрнүүлэн 20 гаруй мянган санал, зөвлөмжийг нэгтгэн тусгажээ. Одоогийн хуульд стандартыг сонгон хэрэглэх баримт бичиг гэж тодорхойлсон нь хэрэгжилтэд хүндрэл учруулж байсан төдийгүй лабораториудын чадавх сул байсан нь хуулийг шинэчлэх гол шалтгаан болжээ.
Уг төсөлд стандартын хэрэгжилтийг сайжруулах, лабораторийн шатлал бүхий нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, итгэмжлэлийг бэхжүүлэх зэрэг найман үндсэн өөрчлөлт тусгагдсан байна. Мөн олон улсын гэрээний дагуу зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг давтан шалгахгүй байх замаар гадаад худалдааг хөнгөвчлөх, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, орон нутгийн стандартын байгууллагын чиг үүргийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулах зэрэг зохицуулалтууд оржээ.