Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Президент спорт комплекс” буюу төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын шав тавих ёслол боллоо. Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг бүтээн байгуулалт нь хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Тус цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн соёл амралтын бүсэд барих юм. Нийт 58,247 метр квадрат талбайтай уг байгууламж нь 2026-2030 он хүртэл хэрэгжих бөгөөд өдөрт 8,000-10,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ.
Энэхүү төвд сагсан бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт, бокс, бөх, байт харваа зэрэг спортын 19 төрлөөр нэгэн зэрэг 1,385 хүн, олон ээлжээр 6,000 гаруй хүн хичээллэх боломж бүрдэнэ.