Тус сургалт, семинар нь их сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийн хүрээнд олон улсын сэтгүүлийн эрэмбэ, чансааг тодорхойлох, өгүүлэл илгээх арга зүйг эзэмшүүлэх, судлаачдын үүрэг, ур чадварын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр боллоо. Арга хэмжээний үеэр Хууль зүйн сургуулийн захирал Ж.Нямдулам сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цаашдын бодлого, чиглэлийг танилцуулсан байна.
Сургалтын үеэр судлаач С.Солонго шинжлэх ухааны сэтгүүлийн чанарыг тогтоох анхан шатны арга, профессор Б.Хулан сэтгүүлд өгүүлэл бичих арга зүй, дэд профессор Т.Азжаргал хууль зүйн салбарын судалгааны чанарыг олон улсын академик хэвлэлийн тогтолцоогоор дээшлүүлэх боломжийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн Т.Азжаргал Оксфорд, Кембриж, Нью-Йоркийн их сургуулиудын туршлагыг харьцуулан судалж, судалгааны чанарыг тасралтгүй дээшлүүлэх загварыг танилцууллаа.
Хэлэлцүүлгийн явцад оролцогчид бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэхэд тулгардаг бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар туршлага хуваалцсан юм. Түүнчлэн Web of Science болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдийн Q1–Q4 ангиллыг зөв тодорхойлох, үнэлэх, судлаачдад олон улсын шаардлага хангасан сэтгүүл сонгоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцжээ.