Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургууль түүхий нүүрсэн халаалтаас татгалзаж, 2026 оны нэгдүгээр сард газан халаалтын системд бүрэн шилжжээ. Тус сургуулийн удирдлагын мэдээлснээр нүүрсэн халаалтын үед анги танхимыг жигд халаах боломж хязгаарлагдмал байсан бол шинэ систем нэвтэрснээр сурагч, багш нарын суралцах, ажиллах орчин сайжирч, орчны утаа тортог багассан байна.
Уг шийдлийг "Газ Ком" ХХК Япон технологид суурилан нэвтрүүлсэн бөгөөд бүрэн автомат ажиллагаатай, аюулгүй байдлыг бүрэн хангасан онцлогтой юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 15 сургууль, цэцэрлэгт газан халаалтын системийг суурилуулаад байна.
Цаашид Багануур дүүргийн 288, 132 дугаар цэцэрлэг болон "Оюуны-Эрин" сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг тус системд шилжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд энэ нь түлшний зардлыг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, яндангийн тоог цөөрүүлэх ач холбогдолтой юм.