Нийтийн тээврийн салбарын жолооч нарын ур чадварыг сорих, мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Уран жолоодлого-2026” тэмцээн Монгол наадам цогцолборт эхэллээ. Тэмцээний нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, баг тамирчдад амжилт хүссэн байна.
Энэхүү тэмцээнийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын автобусны жолооч нарын дунд тав дахь жилдээ зохион байгуулж байна. Жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах, аюулгүй жолоодлогын ур чадварыг ахиулах, үйлчилгээний талаарх эерэг ойлголтыг түгээх нь уг арга хэмжээний гол зорилго юм.
Энэ жилийн тэмцээнд “Зорчигч тээвэр нэг”-ээс “Зорчигч тээвэр тав” хүртэлх ОНӨААТҮГ болон “Автотерминал трейд”, “Сайхан-Ирээдүй”, “Сутайн буянт”, “ЕБус нэгдүгээр бааз” ХХК зэрэг нийт 9 байгууллагын баг оролцож байна.