Налайх дүүргийн Засаг даргын 2026 оны А/296 дугаар захирамжийн дагуу хэрэгжиж буй “Хуулиа дээдэлье” аяны хүрээнд “Таны эрхийг хамгаалъя” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээг Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Налайх дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, дүүргийн Прокурорын газар болон Цагдаагийн хэлтэс хамтран явуулсан байна.
Өдөрлөгийн үеэр хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоогдсон 5 иргэний онцгой нөхцөлийн тэтгэмж авах хүсэлт, амьжиргааны түвшин доогуур 3 өрхийн хүнсний талон олгох хүсэлт, мөн ажилд орох хүсэлттэй 15 иргэний хүсэлтийг хүлээн авч зохих байгууллагад нь уламжлан хүргүүлэв.
Түүнчлэн шүүхээс хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн 5 иргэнийг Налайх Политехникийн коллежийн 1 сарын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү сургалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулахаар болжээ.