Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ “NORINCO Group”-ийн удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах, нүүрсийг гүн боловсруулах болон геологи хайгуулын салбарт хамтран ажиллах саналуудыг тавьсан байна. Мөн нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх асуудлыг хэлэлцэн тохиролцов.
“NORINCO Group”-ийн зүгээс харьяа нефть боловсруулах үйлдвэрээс нийлүүлэлт хийх бэлтгэлийг хангах хүрээнд эхний ээлжид БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос экспортын квотыг тодорхой болгож, улмаар тээвэр, ложистик, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нүүрс-химийн цогцолбор байгуулах төсөлд технологийн болон хөрөнгө оруулалтын түншлэл бий болгох боломжийг судлахаар тогтов.
Үүнээс гадна тус групп Монгол Улсад геологи, хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн байна. Уулзалтын дүнд талууд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт болон нүүрсийг гүн боловсруулах үндсэн хоёр чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр санал нэгджээ.