ХХ зууны Монголын түүхэнд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлтэд шашны зүтгэлтнүүд олноор өртөж, 18 мянга гаруй лам хувраг хилс хэрэгт хэлмэгдэн, 700 гаруй сүм хийд сүйтгэгдсэн байна. Энэхүү үйл явдлын улмаас эрдэмтдийн бүтээл туурвил, бичиг соёлын дурсгал болон өв соёлын сан үрэгдэж, үндэстэнд ихээхэн хохирол учирчээ.
Өмнөговь аймгийн тухайд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан 1544 хүн бүртгэгдсэн байдаг. Үүнээс 1058 хүн цаазаар хороох ялаар, 297 хүн хорих ялаар шийтгүүлж байжээ. Хэлмэгдэгсдийн дунд 1138 лам хувраг, 128 тайж угсаатан, 241 төрийн албан хаагч болон энгийн иргэд багтаж байсан ба 1933–1939 онд аймгийн даргаар ажиллаж байсан Б.Дамбарэнцэн хувьсгалын эсэргүү хэргээр хоёр удаа баривчлагдаж байв.
Улсын Их Хурал 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хууль баталснаар улсын хэмжээнд нийт 31652 иргэнийг цагаатгасан байна.