Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан “Хаягжуулалт, орон зайн мэдээллийн талаарх мэдлэг, туршлага солилцох” уулзалт, хэлэлцүүлэг БНСУ-д зохион байгуулагдаж байна. Тус уулзалтад БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны Дэд сайд Ким Мин Жэ болон холбогдох байгууллагын төлөөлөл, Монголын талаас ЗГХЭГ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын албаныхан оролцож байна.
Арга хэмжээний үеэр хоёр улсын хаягжуулалтын бодлого, орон зайн мэдээллийн дэд бүтэц, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, систем хоорондын уялдаа болон төрийн цахим үйлчилгээний хүртээмжийн талаар хэлэлцэж, сургалт зохион байгууллаа. Мөн БНСУ-ын Орон нутгийн мэдээллийн хөгжлийн хүрээлэнд зочилж, хаяг олгох үйл ажиллагаа болон тэмдэглэгээний бүртгэл, засвар үйлчилгээний системийн туршлагатай танилцсан байна.
Төслийн хүрээнд хаягийн мэдээллийн системийг шинэчлэх, стратеги төлөвлөгөө боловсруулах, газрын мэдээллийн системийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник технологийн дэд бүтцийг бүрдүүлэх үндсэн таван чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.