Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар Галуут сумын Мандал багийн бага сургуулийг сумын ерөнхий боловсролын сургуультай нэгтгэх асуудлыг хэлэлцжээ. Тус сургуульд одоогоор 4 сурагч суралцаж буй бөгөөд Боловсролын яамны чиглэлийн дагуу нэгтгэх саналыг аймгийн Боловсролын газраас оруулсан байна.
Хуралдаанаас төлөөлөгчид болон орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн 2026 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл суралцах хүүхдийн тоог нэмэгдүүлж, багш, ажилчдын хүрэлцээ хангамжийг жигдрүүлэх хугацаат үүрэг даалгавар өгчээ.
Хэрэв заасан хугацаанд үүрэг даалгавар биелэхгүй бол сумын ерөнхий боловсролын сургуультай нэгтгэх асуудлыг аймгийн ИТХ-аар дахин авч хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.