Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн «Чөлөөлье» үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, хууль бус шаардлага, хүнд суртлыг бууруулах зорилгоор «Зөвшөөрлийн шинэчлэл ба Хуулийн хэрэгжилт» сэдэвт хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Даваасүрэн, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Бригадын генерал О.Ганбат болон дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцсон байна.
Арга хэмжээний үеэр Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар зэрэг байгууллагын төлөөлөл зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх талаар мэдээлэл танилцууллаа.