Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тайлангаар наймдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд зуншлагын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу байна.
Бүс нутгаар авч үзвэл Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт нутаг, мөн Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутгаар зуншлага сайн байна. Түүнчлэн Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумын нутгийг сайн гэж тодорхойлжээ.
Харин Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийн ганц нэг сумдын зарим хэсгээр зуншлага муу байна. Өмнөх арав хоногийн дүнтэй харьцуулахад Завхан, Баянхонгор аймгийн ганц нэг сумын нутгаар зуншлагын байдал бага зэрэг мууджээ.