Жил бүрийн 11 дүгээр сарын 25 буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдрөөс 12 дугаар сарын 10-ны Хүний эрхийн өдөр хүртэл үргэлжилдэг тус аянд дэлхийн 180 гаруй улс нэгддэг. Манай улс энэ жил "ХААНА Ч АЮУЛГҮЙ: Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, Хохирогчдыг хамгаалж, Ял завшилтыг эцэслэе" уриан дор оролцож байна.
Аяны нээлт Төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан танхим”-д болж, УИХ-ын гишүүд, НҮБ болон Европын холбооны төлөөлөгчид оролцлоо. Мөн хууль зүй, цагдаа, төрийн бус байгууллагын төлөөллүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйлчилгээний талаар мэдээлэл танилцуулав.
Энэ удаагийн аянаар цахим орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх, хуулийн хэрэгжилтийг чангатгах, хохирогчийг буруутгахгүй байх хандлагыг нэвтрүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн тусламжийн утас, түр хамгаалах байр зэрэг үйлчилгээний хүртээмжийг олон нийтэд сурталчлах ажлууд өрнөх юм.