Дотоод хэргийн их сургуулийн Ахмадын хорооны дарга Б.Болд үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгснөөр тус хорооны Удирдах зөвлөлийн хурлаас цагдаагийн хурандаа С.Болдбаатарыг шинэ даргаар олонхын саналаар сонгожээ. Шинээр томилогдсон дарга их сургуулийн Хүний нөөцийн албатай хамтран Ахмадын хороог сургуулийн удирдлага, албан хэрэг хөтлөлтийн цахим сүлжээнд холбох, ахмадуудын бүртгэл мэдээллийг цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна.
Ийнхүү цахимжуулснаар бүртгэл, судалгаа сайжирч, ахмад настнуудад чиглэсэн нийгмийн халамж, тусламж, дэмжлэгийн үйлчилгээ шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, ил тод болох ач холбогдолтойг тэрбээр онцлов. Түүнчлэн Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох дүрэмд нийцүүлэн Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог сондгой болгох, гишүүдийг баталгаажуулах ажлууд хийгдэж байна.
Ахмад настны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу их сургуулийн харьяа нэгжүүдийн бүтцээр байсан 22 хэсгийг нэгтгэн цөөлжээ. Өдгөө тус хороо Удирдах зөвлөлийн найман гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, хоёр гишүүн, хорооны дарга, ажилтан гэсэн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.