Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Вүүсок их сургуулийн Олон улсын харилцаа эрхэлсэн захирал, доктор Хюн Силь Шин тэргүүтэй төлөөлөгчдийг 10 дугаар сарын 23-ны өдөр их сургуулийн “Сүлдэт” танхимд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “2+2+1” хос дипломын хөтөлбөрт хамрагдах сонсогч, суралцагчдын тоог нэмэгдүүлэх, Вүүсок их сургуульд Дотоод хэргийн их сургуулийн зочин багш ажиллуулах асуудлыг хөндөв. Мөн Удирдлагын академитай хамтран “1+1” хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих боломжуудын талаар ярилцсан байна.
Дотоод хэргийн их сургууль, Вүүсок их сургууль нь 2023 онд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж байв. Уг гэрээний хүрээнд одоогоор нийт 31 сонсогч, суралцагч кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд талууд цаашид сургалт, эрдэм шинжилгээний түншлэлээ улам бэхжүүлэхээр зорьж байна.