Монгол Улсад Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль 2026 оны арваннэгдүгээр сарын эхээр хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан нийслэлд гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны дагнасан шүүх байгуулагдан ажиллаж байна. Мөн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүд орсон юм.
Дагнасан шүүх нь хүүхдийн болон тусгай ярилцлагын өрөө, эвлэрүүлэн зуучлах танхим, аудио-видео бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ингэснээр хүүхдийг сэтгэл зүйн дарамтад оруулахгүйгээр асрамж, тэтгэлэг, гэр бүл салалтын маргааныг шийдвэрлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд нийслэлийн анхан шатны шүүхэд 12, давж заалдах шатны шүүхэд таван шүүгч томилогдон ажиллаж байна.
Хуулийн шинэ зохицуулалтаар гэмт хэргийн улмаас хохирсон эсвэл холбогдсон аль ч тохиолдолд хүүхдийн дээд эрх ашгийг хангах зарчмыг хуульчилжээ. Түүнчлэн өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг «Өсвөр насны хүн» гэж тодорхойлон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар тусгасан байна.