Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн салбар зөвлөл болон Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Таван жил тутам хийдэг уг үнэлгээг Нийслэлийн салбар зөвлөлийн санхүүжилтээр Хууль зүйн үндэсний хүрээлэн гүйцэтгэсэн бөгөөд гэмт хэрэг гарахаас өмнө сэргийлэх нэгдсэн бодлого чухлыг хурлын үеэр онцлов.
Хэлэлцүүлгийн эхний хэсэгт гэмт хэргээс сэргийлэх ажлын хамрах хүрээ, эрх зүйн зохицуулалт, иргэдийн оролцоо, санхүүжилтийн талаарх судалгааны үр дүнг танилцуулсан юм. Харин удаах хэсэгт хуульд заасан хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох практик хэрэгжилт, тэднийг нийгэмшүүлэхэд тулгамдаж буй асуудал болон байгууллага хоорондын уялдаа холбоог хэлэлцлээ.
Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцогчдын санал, шүүмжийг судалгааны тайланд нэгтгэн тусгаж, салбар дундын уялдааг хангах стратеги болон зөвлөмж боловсруулахаар болов. Энэхүү үнэлгээ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин, бодлогын хэрэгжилтийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.