Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлаар намрын ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Увс зэрэг газар тариалангийн үйлдвэрлэл бүхий аймгуудад автобензин, дизель түлшний хангамжийг нэмэгдүүлэх чиглэл өгөв.
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар улсын хэмжээнд шатахуунгүй байсан 30 сумын хангамжийг амралтын өдрүүдэд нэмэгдүүлснээр одоогоор 17 суманд түлш хараахан очиж амжаагүй байна. Мөн нэг ШТС-д 90-195 автомашины хүлээгдэл үүсээд буй Булган, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад шатахууны нийлүүлэлтийг яаралтай нэмэгдүүлэхийг импортлогч аж ахуйн нэгжүүдэд даалгалаа.
Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 16,651 тонн АИ-92, 120 тонн АИ-98, 46,000 тонн дизель түлш, 1,790 тонн онгоцны түлш импортоор орж иржээ.