Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажлын хэсэг Булган суманд гурван өдрийн турш ажиллалаа. Энэ хугацаанд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулын үйлчилгээ хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл болон сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулсан байна.
Ажлын хэсэг сумын төвөөс гадна Ёлт баг болон алслагдсан Шүвтэр багийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцжээ. Шалгалтын явцад байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, илэрсэн асуудлыг шийдвэрлэх зөвлөмж өгсөн байна. Мөн сурагчдад сургалт явуулж, багш ажилтнуудтай хүүхэд хамгааллын чиглэлээр санал солилцжээ.
Түүнчлэн алслагдсан багийн өрхүүдээр явж, эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдийн амьдрах орчинд эргэн хяналт тавин шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг хүргэсэн байна. Үүнээс гадна сумын Хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.