Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Уг аянд Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг орон нутгийн байгууллагууд нэгджээ.
Хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эргэн тойронд аюултай, эрсдэлтэй нөхцөл байдал ажиглагдвал иргэдийг дуугүй өнгөрөлгүй мэдээлж, эрсдэлийг арилгах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа. Иргэдийн ирүүлсэн мэдээлэл холбогдох байгууллагад хүрч асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох бөгөөд илгээсэн мэдээллийнхээ шийдвэрлэлтийн явцыг эргэн хянах боломжтойг мэдээлсэн байна.