Прокурорын байгууллагаас 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэрэгт холбогдох 588 хүнд хамаарах 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байна. Үүнээс Нийслэлийн прокурорын газраас шилжүүлсэн зургаан хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүх 2026 оны 10 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хянан шийдвэрлэж, шүүгдэгчдийг гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилээр хасчээ. Шүүхээс хоёр хүнд хорих ял, гурван хүнд торгох ял, нэг хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.
Шийдвэрлэсэн хэргүүдийн дунд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тушаалтнууд бүлэглэн 162.4 сая төгрөгийн хахууль авсан хэрэг багтсан бөгөөд шүүхээс холбогдох хоёр албан тушаалтны нийтийн албанд ажиллах эрхийг найман жилээр хасаж, тус бүр 35 сая төгрөгөөр торгон, хууль бус орлогыг улсын орлого болгохоор тогтоожээ. Мөн олон улсын Арбитрын шүүхэд хянагдаж байсан хэрэгт үнэлгээний дүгнэлтийг зөвшөөрүүлэх зорилгоор нэг тэрбум төгрөгийг хуваан авч хахууль өгөхийг завдсан шинжээчид 3.5 сая төгрөгөөр торгох ял оноож, эрхийг нь хоёр жилээр хассан байна.
Үүнээс гадна хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа дүрэм журам зөрчин хоригдолд давуу байдал олгож, бэлэн мөнгө болон эд зүйл авсан этгээдэд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож, олсон орлого болох 1.1 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.