Tuuchee.mn сайт Налайх дүүргийн бүтээн байгуулалтын талаарх зургаа дахь удаагийн сурвалжлагаа ярилцлагаар хүргэж байна. Налайх дүүргийн Засаг даргын Хот төлөвлөлт, ногоон хөгжил, үйлдвэрлэл хариуцсан орологч дарга С.Тунгалагтай ярилцлаа.
- Өглөөний мэнд. Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ажил бужигнасан талбар дээрээс бидний ярилцлага хүрч байна. Яриагаа Налайх дүүргийн бүтээн байгуулалт тэр дундаа ажил авснаас хойш уурхайн нөхөн сэргээлтүүдийг хийсэн талаар эхэлье?
Дүүргийн тулгамдсан асуудлуудын нэг хууль бус олборлолтоос үүссэн байгаль орчны бохирдол, сөрөг нөлөөлөх зөрчлүүд маш их гарсан. Тиймээс бид 2017 оноос хойш тухайн газрууд дээр газрын хэмжээг тогтоож судалгаа хийж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хохирлын үнэлгээг 336 га газарт тогтоолгож 7 тэрбум төгрөгийн хохирол үүсэн байна гэсэн үнэлгээ гарсан. Дүүрэг энэ хохиролд хөрөнгө гаргаад нөхөн сэргээлт хийх боломжгүй учраас хариуцах байгуулллагуудад нь уламжиллаа. Манай Налайхчууд болон улс даяар уурхайн үйл ажиллагаанаас үлдсэн нүх цооногууд гарч, гэмт хэргийг далдлан нуух зэрэг эрсдэл гарч байсан. Нийслэлийн байгаь орчны газраас 2018 онд 500 сая төгрөгний нөхөн сэргээлтийг 42 га газарт, 2019 онд 17,5 га газарт 150 сая төгрөгний нөхөн сэргээлтийг хоёр жил дарааллан хохирлын үнэлгээ тогтоолгосон 336 га газартаа хийсэн. Мөн 2017 оноос уурхайчдад байгаль орчны хохирол учирж байгаа эрсдэл түүнээс үүдэх нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар хуулийн заалт болон дүрэм журмуудыг маш сайн тайлбарлаж, ярьж ойлгуулж ирснээр манай уурхайчид үйл ажиллагаа явуулсан талбай болон өөр эвдэгдэж сүйтгэгдсэн газарт нөхөн сэргээлтийг дүйцүүлэх хэлбэрээр хийх ажлыг зэрэгцэж эхлүүлсэн. Ингээд нийслэлийн хөрөнгө оруулалтаар болон уурхайчид болон тоосгоны үйлдвэр, түгээмэл тархацтай газруудад үйл ажиллагаа явуулдаг иргэдийн тусламжтайгаар хохирлын үнэлгээ тогтоолгосон 336 га газрын тал хувийг нөхөн сэргээж байгалийнх нь хуучин өнгө төрхөнд нь оруулж сайжруулж чадлаа.
2020 онд бид бас нийслэл болон нийслэлийн ИТХ-ын Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгч С.Амарсайхан даргад удаа дараа хүсэлт тавьснаар энэ жил дахин 500 сая төгрөгний нөхөн сэргээлт хийх хөрөнгийг шийдүүллээ. Тухайн хөрөнгөөр зарласан тендерт нь Налайх дүүргийн иргэд аль болох өөрсдөө оролцох боломжийг бүрдүүлж олон нийтийн оролцоотойгоор хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
Эрчим хүч, зам зэрэг дэд бүтцийн асуудал шийдэгдчихээр энд үйлдвэрүүд ирж үйл ажиллагаагаа явуулах, ажлын байр нэмэгдэх бүрэн боломжтой болж байгаа юм.
- Нэг ёсондоо Налайх дүүргийн иргэдийг өөрсдөөр нь, олон нийтийн хүчээр нөхөн сэргээлтийг хийх юм байна гэж ойлголоо. 2019 оны тавдугаар сарын 1-ээс Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй байх захирамж гарсан. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт гар аргаар түүхий нүүрс олборлож байгаа иргэд, уурхай хичнээн байгаа вэ. Дийлэнхийг нь хаачихсан уу?
Налайх дүүргийн их уурхайг гэнэт хааснаас болж сүүлийн 20 жил ажлын байргүй иргэд маш олон болсон. Айл өрхүүд өөрсдийн амьдрал ахуйг авч явхын тулд хууль бус гар орборлолт хийдэг байлаа. Сүүлийн 5, 6 жилд гар аргаар нүүрс олборлох байдал хүндэрсэн ч одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, гар аргаар нүүрс олборлох нь цөөрч байгаа. 2017 онд ажил авхад 120 гаруй ам цооногт 1000 гаруй иргэд ажиллаж байсан бол 2020 оны байдлаар 29 ам цооногт 300 гаруй иргэд ажиллаж байна. Уурхай бол хүний амь нас эрсдэх эрсдэлтэй ажлын байр учраас Засгийн газраас болон нийслэлээс Налайх дүүрэгт ажлын байр бий болгох чиглэлээр Үйлдвэр технологийн парк, Сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулхаар төлөвлөөд байна. Налайх дүүрэг утааны бохирдол ихтэй дүүрэгт орж байгаа учраас сайжруулсан түлш түлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна.
- Налайх дүүргийн бүсдээ үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчид олон байдаг. Дүүргийн урд хэсэгт барилгын материал үйлдвэр технологийн парк ОНӨҮГ-т маш олон төвүүд бий болохоор төлөвлөгдөж байгаа гэсэн. Энэ талаар товчхон дурдвал?
Үйлдвэрлэл технологийн парк 2014 оноос Налайх дүүрэгт эхлэлээ тавьж байсан ч үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж хангагдаагүй учраас ажиллах боломж нь бага байсан. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас цахилгаан эрчим хүч, зам дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэсэн. 2019 онд хүнд даацын машин тээврийн зам тавьж дууслаа. 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлт дээрээс цахилгааны үйлдвэрүүд ирж үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хөрөнгийг шийдвэрлэж өгсөн. Ингээд эрчим хүч, зам зэрэг дэд бүтцийн асуудал шийдэгдчихээр энд үйлдвэрүүд ирж үйл ажиллагаагаа явуулах, ажлын байр нэмэгдэх бүрэн боломжтой болж байгаа юм. Мөн манай Үйлдвэр технологийн парк дээр үйл ажиллагаагаа явуулхад бэлэн болоод цахилгаан эрчим хүчний төсөл хэрэгжчихэд эхний 14 ААН үйл ажиллагааныхаа эхний суурийг тавьчихаад байгаа.
- 14 үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болчихсон гэсэн үг үү?
Тийм. 14 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулна гээд газраа аваад, үйл ажиллагааны эхлэл нь тавигдчихсан байгаа.
- Уншигчид, сонсогчид маань Налайх дүүргийн уурхайнуудын үйл ажиллагааг бүрэн хаах уу, хаачихвал ажиллаж байсан ажилчдаа шахмал түлшний үйлдвэрт оруулах уу үгүй юу гэдгийг мэдэхийг хүсч байгаа байх?
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орчихвол Налайхад ажлын байргүй байгаа иргэдийг ажлын байраар хангах боломж бүрэн нээгдэнэ. Мөн Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлох нөхцөл байдал хүндэрч байгаа учраас цаашид дэвшилтэт технологийн их уурхай байгуулагдахгүй л бол уурхай цаашид ажиллах боломж нь бага. Манай Налайхын ард иргэд мэдэж байгаа. Уурхайд жилд 10-аад хүний амь нас эрсэддэг. Цаашид хууль бус олборлолтыг хориглоно гэдэг бодлого барьж ажиллаж байна. Энд сая миний хэлснээр 2019 онд 300-500 хүн ажиллаж байсан бол ийм хэмжээний хүмүүсийг сайжруулсан түлшний үйлдвэрүүд рүү шилжүүлэн бүрэн ажлын байртай болгоно гэсэн үг.
- Налайх дүүрэг шахмал түлшний үйлдвэртэй болчихлоо. Дээрээс нь Үйлдвэр технологийн парк дээр үйлдвэрүүд ажиллаад эхлэхээр хүмүүс гар аргаар нүүрс олборлодог баталгаагүй цалин, баталгаагүй ажлын байрнаас татгалзаж эдгээр үйлдвэрүүд рүү шилжин ажлын байртай болж, магадгүй МСҮТ-д суралцаж ажлын байртай болоод ажиллах бүрэн боломжтой гэж хараад байгаа юм?
Сайжруулсан түлшний үйлдвэрийг Налайх дүүрэгт барьж бий болгоно гэдэг Засгийн газрын шийдвэр байгаа учир ажилгүй иргэдийнхээ бүртгэлээс харж байгаад тухайн үйлдвэрт ямар, ямар мэргэжлийн ямар, ямар ажил, албан тушаал гарах вэ? гэдэг хүний нөөцийн судалгаа авч байгаа. Хүний нөөцийн судалгааг авч байгаад дүүрэгтээ ажлын байраа бүртгээд, мэргэжилтэн дутагдалтай байгаа бол ажил эхлэхээс өмнө мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв болон бусад сургалтын төвүүдэд сургаад, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
100-аад га талбайд үрсэлгээ хийж зүлэгжүүлж, 5500 гаруй мод тарьж моджуулсан
- Налайх дүүргийн гуравдугаар хороонд хуучин уурхай байгаа. Үүнд нөхөн сэргээлт хийх, сууршилын бүсээ цэгцлэх гээд ажлууд байгаа байх. Энэ талаар ярихгүй юу?
2017 онд иргэдээс маш их гомдол, санал ирсэн. Сууршлын бүс рүү уурхайн үйл ажиллагаа орсон, зарим айлын байшин барилгын ойролцоо малталт хийснээс цууралт, суулт өгсөн, айлын хашаанд нүх, ангал бий боллоо гэх мэт. Тэр битгий хэл сууршилын бүс рүү орсноос болж айлын хашаанд гэрийн буйрын хэмжээтэй цөмрөл хүртэл үүссэн. Дүүргийн бодлогоор эхлээд нөхөн сэргээлтээр сууршлын бүсээ аюулгүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд “Нарлаг” болон ойролцоо нь байгаа айл өрхүүд цөмрөлтөд орох аюултай байсан 58 ам цооногийг уурхайчид болон иргэдийнхээ хүчээр булж, техникийн нөхөн сэргээлтүүдийг хийсэн. Дараа нь Байгаль орчны газраас техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийсэн. Гуравдугаар хороогоо гэр хороолол руу захалсан хэсгээс эхэлж нөхөн сэргээлт хийснээр одоо сууршлын бүсүүдээ аюулгүй болгож чадсан.
- Биологийн нөхөн сэргээлтээр хичнээн мод бут сөөгийг тарьж ургуулсан бэ?
Налайхын уурхайн эдэлбэр газар дээр нийслэлийн хөрөнгөөр техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Биологийн нөхөн сэргээлт хийхдээ 100-аад га талбайд үрсэлгээ хийж зүлэгжүүлж, 5500 гаруй мод тарьж моджуулсан.
- Энэ жил хичнээн га-д нөхөн сэргээлт хийх вэ?
Энэ жилийн тухайд тендер нь зарлагдаагүй байна. Зарлагдхаар захиалагч байгууллагаас хөрөнгө оруулалтынхаа 10 хувьд ногоон байгууламжийг бий болгосон байх гэх мэтээр заагаад өгчихсөн байдаг. Тэр журмаараа л ажиллана.
Уурхайг хаана гэдэг бодлого барихаасаа илүү уурхайн ажлын байрыг хариуцлагатай, албан ёсны зохион байгуулалттай, хэрхэн хуулийн хүрээнд байлгах вэ гэдэг бодлогыг сүүлийн хоёр жил баримталж байгаа.
- Цаашид Налайх дүүрэг аялал жуулчлалын, үйлдвэрлэлийн томоохон дагуул хот болох зорилтын хүрээнд ажиллаж байна. Хуучин нүүрстэй Налайх гэдэг байсан бол одоо эко байгууламж ихтэй, үйлдвэрлэлтэй, аялал жуулчлалтай томоохон дүүрэг болно. Цаашдаа Налайх дүүрэгт уурхай байхгүй болж мод бут ихтэй уул толгодтой сайхан дүүрэг болно гэсэн дүр зураг харагдаад байна?
Ер нь бид төлөвлөчихсөн байгаа. Налайхын их уурхай бол Монголын уул уурхайн салбарын анхны үйлдвэр, анх нүүрс олборлож эхэлсэн газар, түүх нь юм. Тийм учир үүнийг түүх болгож үлдээх, түүхэн музей болгох зорилгоор гадаад дотоодын ТББ, Уул уурхайн яаманд хандаад төслөө бичээд, саналаа хүргүүлээд байна. Түүх үлдэх ёстой. Мөн уурхайг хаана гэдэг бодлого барихаасаа илүү уурхайн ажлын байрыг хариуцлагатай, албан ёсны зохион байгуулалттай, хэрхэн хуулийн хүрээнд байлгах вэ гэдэг бодлогыг сүүлийн хоёр жил баримталж байгаа. Тэр хэмжээнд уурхайчиддаа хуулийн шаардлага тавьж, хуулийн хүрээнд ажиллах боломжийг нь бүрдүүлхээр ажиллаж байна. 2008 онд батлагдсан бичил уурхайн хууль гэж байдаг үүний хүрээнд гурвалсан гэрээ байгуулаад аюулгүй байх, аваар осол гаргахгүй байх нөхцөлийг л хангаж ажиллаж байна.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.