Засгийн газрын тусгай сангууд болох Мал хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан ХХААХҮЯ-нд харьяалагдаж ирсэн. Эдгээр сангийн үйл ажиллагаа доголдож, хууль бусаар зарим компани санхүүжилт авч байсныг хэвлэлүүд мэдээлж байгаа.

Иймээс ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийг батлах үеэр, ТЭДС-гийн 230 тэрбум төгрөгийг нэг компани 20 гаруй охин компаниудтайгаа нийлээд талыг нь авчихдаг байж болохгүй гэж байсан.

Хөдөө аж ахуйн салбарыг удирдаж байсан Б.Батзориг ЖДҮ-гийн хэргээр сайдаасаа чөлөөлөгдөж, одоо салбарыг нь Ч.Улаан удирдаж байна.

Үргэлжид хууль бус үйлдэл гарч ирсэн дээрх сангуудын хөрөнгийг шинэ сайдын үед хэрхэн зарцуулж байгаа нь анхаарал татаж байгаа. Ч.Улаан сайдыг дэвшил гаргаж, алдаа дутагдлыг зассан гэж гаднаас нь дүгнэж ирснийг нуух юун.

Энэ жил өнгөрсөн оны ургацийн улаанбуудайн төлбөр болон урамшуулал болох 21.4 тэрбум төгрөгийг 12 аймгийн 757 аж ахуйн нэгжид олгожээ. Энэ тухай мэдээллээ тус яам 20 хоногийн өмнө өөрийн албан ёсны сайтдаа тавьсан ч чухам аль компани авсан талаарх мэдээллийг нийтэлсэнгүй.

Бид гуравдугаар сарын 5-наас эхлэн ХХААХҮЯ-ны мэдээлэл хариуцсан хүнтэй холбогдож нээлттэй мэдээллийг авахыг хүссэн. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгө нь төсвөөс санхүүждэг бөгөөд үүнд та бидний улсад төлсөн татвар шингэсэн байгаа. Нэгэнт ард түмний мөнгө тул үүнийг төрийн аль ч байгууллага санаачилгаараа шилэн дансны сайтад цаг тухай бүрт нь мэдээлсэн байх учиртай.

Салбарын яамны ажил хариуцсан хүн бидний хүсэлтийг олон удаагийн шалтгаанаар хойшлуулсан тул бид өнөөдөр мэдээлэл авахаар тус газрыг зорилоо. Харамсалтай нь, дахин мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд хувийн нууц, компанийн нууц гэж төрийн сангийн мэдээллийг тодотгов.

Бид энэхүү асуудлыг дахин сурвалжилж, иргэдэд мэдээлж, тэднийг хяналт тавих боломжоор хангах болно.

Төрийн бусад байгууллагын шилэн дансны ашиглалтын талаар Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд шалгалт хийсэн бөгөөд хангалтгүй гэсэн дүгнэлтийг цөөнгүй байгууллага авчээ. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөхийг төрийн байгууллагуудад уриалж байна.

http://time.mn/Сэтгүүлч: Ц.Соёл-Эрдэнэ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here