Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа сан хөмрөгтөө буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийг дээжлэн толилуулж байна.

Энэхүү хосгүй үзмэр нь Архангай аймгийн Хашаат сумын нутгаас олдсон Билгэ хааны алтан титмийг танилцуулж байна

4.Билгэ хааны алтан титэм:
Холбогдох он цаг: YI-YIII зуун
Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр

Түргийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй. Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ. Титэм нь алтаар бүтээгдсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, 5 хэсэг бүхий. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлсэн.

Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титэмний суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана. Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл-ээр баталсан.

Монголын Үндэсний Музей 2001 онд Архангай амйгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдам дахь Билгэ хааны тахилын онгоноос Монгол-Туркийн хамтарсан экспедиц илрүүлсэн. Энэхүү Түргийн хааны алтан титэм нь одоогоор олдоод буй VIII зууны дунд үед хамаарах хаад ихэсийн титмийн цорын ганц биет үзмэр бөгөөд түрэг угсаатны бэлгэдэл зүй, уран дархны урлалыг харуулах чухал сурвалж юм. Энэ дурсгалын судалгааг эрдэмтэд хийж буй бөгөөд одоогоор хэвлэгдсэн бүтээлүүд нь дараах байна.

Баяр Д., Амартүвшин Ч., Энхтөр А., Гэрэлбадрах Ж. Билгэ хааны тахилгын онгоны судалгаа // Studia archeologica. Tom. XXI(I), Fasc.9.УБ.,2003, т. 75-84., Д.Баяр. Древнетюркские мемориальные компексы в Монголии/ , Довдойн Баяр. Монголын дундад зууны археологийн судалгаа УБ.,2014, 61-70 тал мөн Sorn Stark, “Die Altturkenzeit in Mittel und Zentralasien, Archaeologische und Historische Studien. Weisbadan 2008, abb 101 болон Some Remarks on the Headgeear of the Royal Turks// Journal of Inner Asian Art and Archaeology 4 (2009) pp 119-133 д товч өгүүлжээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Музей

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here