Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах хүсэлт хүргүүллээ.

Коронавируст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудлыг Улсын онцгой комиссоор яаралтай хэлэлцүүлж, нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингөөс хүссэн байна.

Шүүх хуралдааны танхим 25-50 м.кв талбайтай, агааржуулалт муу зэрэг нөхцөл байдлын улмаас коронавируст халдвар (COVID-19) тархах өндөр эрсдэлтэй байна

Түүнчлэн ариутгал, халдваргүйтлийн бодис, нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл зэргээр бүх шатны шүүхийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2020 оны хоёрдугаар сард 7067 шүүх хуралдаан зарлаж, 5680 хэрэг маргаан шийдвэрлэжээ.

Нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд өдөрт дунджаар 50 орчим шүүх хуралдаан товлодог ба нэг хуралдаан нь 10 ба түүнээс дээш оролцогчтойгоор болдог. Шүүх хуралдааны танхим 25-50 м.кв талбайтай, агааржуулалт муу зэрэг нөхцөл байдлын улмаас коронавируст халдвар (COVID-19) тархах өндөр эрсдэлтэй байна гэж Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here