Налайх дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатартай Налайх дүүргийн хөгжлийн талаар ярилцлаа.

-Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан. Шинэ оны мэнд, сар шиндээ сайхан шинэлэв үү?

-Тайван сайхан шинэлсэн. Налайх хотын хөгжлийн талаар тантай ярилцъя. Сүүлийн жилүүдэд ямар төлөвлөгөөтэй, бүтээн байгуулалтын ямар ажлыг хийгээд байна вэ?

-2015 онд Налайх дүүрэг Налайх хот болж, үүнтэй холбоотой бүтцийн өөрчлөлт хийн Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх хяналт тавих үүрэг бүхий нэгж салбар байгуулагдсан.

-2019 он бол бүтээн байгуулалтаар дүүрэн жил байсан гэж сонссон. Налайх хотын хот төлөвлөлт хэрхэн явагдаж байна вэ?

-Налайх- Чойрын чиглэлийн 20,9 км-т хамгийн ач холбогдолтой замыг барилаа. Хуучин зам нь 60 гаруй жил болсон байлаа. Энэ зам энэ ондоо хөнгөн хучилтыг хийж ашиглалтанд бүрэн хүлээлгэж өгнө. Үүнээс гадна Налайх дүүрэгт Бөмбөрцөгтэй уулзвараас эхлээд 3 дугаар хорооны замчингийн хэсгийн 5 шар гэж нэрлэгдэг газар хүртэл 4,4 км 4 эгнээ авто замыг энэ онд барихаар төлөвлөж байна.

Анхны цардмал буюу боловсронгуй хучилттай зам 10 орчим км байсан. Сүүлийн жилүүдэд 4 орчим км зам цоо шинээр тавигдсан. 4 эгнээтэй гол зам түүний дотор аюулгүй тойрог буюу мэргэжлийн хяналтын урд талын тарвагатай хөшөөнөөс МТ колонк буюу уурхайчидын 1-р гудамж хүртэл 4 эгнээ юм. Мөн онцгой байдлын урд талаас 51-р байр хүртэл зам засварын ажил эхэлж, илч хотхоны урд талаас шинэ Налайх хороолол хүртэл 690 м авто зам хийгдэнэ. 4-р хорооны хатуу хучилттай замын төгсгөлөөс зүүн чиглэлийн аймгийн зам хүртэл 2,2 км зам хийгдэнэ. Зураг төсвийн ажлууд шинээр хийгдэнэ. Шинээр 6-н байрлалд зам хийхээр төлөвлөж байна.

Харин хот төлөвлөлтийн хүрээнд Налайх хотод гэрэлтүүлгийн ажил нилээд их хийгдэж байгаа. Үндсэндээ бол 2016 онтой харьцуулахад 113 хувиар гэрэлтүүлэг нэмэгдүүлсэн байна.  Сургууль цэцэрлэгүүд шинээр баригдана. Бүх байрны гадна пасад хийгдэнэ.

-2015 онд хот төлөвлөлтийн хэлтэс байгуулагдсан. 2015 онтой харьцуулахад хот хэр өөрчлөгдсөн бэ.Тухайлбал, замын хувьд?

-Та бүхэн мэдэх болов уу. Манай дүүргийн гол зам буюу Даваажавын гудамж бол 1970 аад оны үед хийгдсэн 9 метр зам байсан. Найрамдлын гудамж 7 метр өргөнтэй зам байсан, эдгээр замд 12 метр өргөнтэй 4 эгнээ гэрэлтүүлэг, явган замтай, ус зайлуулах байгууламжтай өргөн чөлөө бий болсон. Харин 2017 оноос хойш Налайхын төвд ус тогтохоо больсон.

Замын хувьд битүү кольцоонууд их байсан. Налайх дүүрэг зөвхөн 1 талаараа орц гарцтай байсан. Одоо бол 1,7 км зам хийснээр Налайх дүүрэг баруун талаасаа 2 орцтой болсон. Цаашдаа дүүргийн төвөөр буюу боловсронгуй хучилттай замаар том оврын авто машин оруулахгүйгээр шийдвэрлэнэ. Барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн 4,4 км ачааны даацын замыг үргэлжлүүлэн зүүн чиглэлийн замтай холбоно.

-Замын хувьд ийм өөрчлөлт хийж байна. Тэгвэл Налайх хот Улаанбаатар хотын дагуул хотын жишигт хүрэхээр хот төлөвлөлтийн ямар бодлого баримталж байгаа вэ. Цаашид Налайх хот хэдэн он хүртэл хөгжлийн ямар төлөвлөгөөтэй ажиллах юм бэ?

-Налайх хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байгаа. 1950 иад оноос хойш оршин байгаа суурьшлын бүсэд дахин төлөвлөлт хийх байдлаар шийдвэрлэгдэнэ. Мөн эхний ээлжинд 1956-57 онд ашиглалтанд орсон 2 давхар цагаан байрнуудыг дахин төлөвлөлтөнд оруулах ажлыг энэ жил ажил хэрэг болгох ажлыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы дэмжлэгтэйгээр НОСК-н ажлын хэсэг ажиллаж байгаа. Тухайлбал, 26-27-р байрнуудыг буулгаж, 128 айлын 2ш 9н давхар байр барих судалгаа, тооцоо хийгдэж байна.

Мөн гэр хорооллын хувьд 1 дүгээр хорооны Баянзүрх хэсгийн 6-16 дугаар гудамжийг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбож, өөрийн газартаа тохилог байр сууцтай иргэдийн амьдрах орчинг сайжруулах чиглэлээр ажил эхлүүлэх гэж байна. Энэ ажлын хүрээнд цахилгаанаар халаалтыг шийднэ. Шинэ суурьшилын бүс буюу 5 дугаар хороонд төлөвлөлтүүдийг гаргаж байгаа.

-Ингэхэд Налайх хот ямар чиглэлийг барьсан хот болох вэ?

-УБ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Налайх дүүрэг нь нийслэлийн аялал жуулчлалын гол бүс нутаг гэж заасан байдаг. Үндсэндээ дүүргийн 40 орчим хувь байгалийн цогцолбор газар эзлэж байгаа. Харин 2 дахь чиглэл нь БМҮТПарк, 3 дахь чиглэл нь МСҮТөв.

Мөн бид гэр хорооллын иргэдийн ундны усны аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр бүх ус түгээх цэгийн усны хадгалах савыг стандартад нийцсэн саваар солих ажлыг хийнэ. Цаашдаа боломжит худгуудыг ухаалаг 24 цаг ажилладаг болгоно. Энэ жилийн том ажил бол Налайх дүүргийн инженерийн шугам сүлжээнд мастер төлөвлөгөөг хийх гэж байна. Яваандаа дулааны станцын хүчин чадал 2 дахин сайжирна гэж үзэж байгаа.

Ер нь Налайх хотод аялал жуулчлалыг хөгжүүлнэ. БМҮТП-н түшиглэсэн үйлдвэрүүдтэй, тээвэр ложистийн төв болон Нийслэлийн зүүн, урд зүгийн тээвэр ложистик төв болох, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэй ажилтан бэлтгэгдсэн ногоон хот болно.

-Их баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Ярилцсан www.tuuchee.mn

2 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here