Залууст эерэг зөвлөгөө, туршлагаа хуваалцдаг цуврал нэвтрүүлэгт Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ахлах зөвлөх, Харвардын Их сургуулийн бизнесийн удирдлагийн магистр, Unlock Podcast-ийг хамтран бүтээгч О.Батнайрамдал оролцож байна.

О.Батнайрамдал: Улс үндэстэн бүхэн алсын хараатай, хүрэх цэгээ тодорхойлсон байдаг. Монгол улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого гарсан. Энэхүү бодлогыг боловсруулж, гаргахад нэг хэсэг эс нь болж ажилласан минь миний хувьд нэр төрийн хэрэг байсан.

Үүнтэй уялдуулж хэлэхэд, залуучууд болон хүн бүр алсын хараатай, хүсэл тэмүүлэлтэй байж мөрөөдлөө тодорхойлоосой. Тиймээс тэр мөрөөдөлдөө хүрэх өөрийнхөө сурсан таван сургамжийг та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна.

  1. Өөрийнхөө амжилтаа өөрөө л тодорхойл

Энэ нь энгийн зарчим байгаа юм. Монгол залуучууд бүр мэдээсэй. Би юунд зориод байгаа юм бэ. Тэр зорилгодоо хүрсэн, үгүйгээ ямар хэмжигдхүүнээс хэмжих юм бэ гэдгээ өөрөө тодорхойлж гаргах ёстой.

2. Өөртөө эргэцүүлэн бодох боломж олгох

Хүн хэдэн янзын олон төрлийн мэдээллээс өөрт хэрэгтэй, зөв мэдээллийг өөртөө шингээж, мэдлэг болгон авах хэрэгтэй. Хүмүүс өдөр тутмын ажилдаа түүртээд олж авсан мэдлэгээ мартаад байдаг. Жишээлбэл, хагас сайн өдрийн оройг өөртөө зориулж, анализ хийн, тэмдэглэлийн дэвтэртээ олж авсан мэдлэг, мэдээллээ хөтөлж болно. Тэр их мэдлэг, мэдээллийг тунгааж бичихээр өөрт гүн шингэж, урт хугацаанд мэдлэг болж үлддэг. Тэр мэдлэгээ өөртөө зөвөөр ашиглах боломж гаргах хэрэгтэй юм. Дор хаяж 30 минутыг өөртөө зориулаарай.

3. Энгийн байх тусмаа хүнд илүү хүрдэг.

Харвардад анх очоод байхдаа би айдсаар дүүрэн байлаа. Гэвч хоёр жилийн дараа миний айдас эсрэгээрээ болсон. Аливаа хүнд юмыг тайлбарлаж, ярих, хийж бүтээх, бичиж байгаа бичилт зэрэг маш энгийн, товчхон, тодорхой байх ёстой гэдгийг сэтгэл зүйн талаас тайлбарладаг тал ч бий.

Маш энгийн, товчхон байхтусмаа хүнд ойлгомжтой хүрдэг юм байна. Д.Шекспирийн хэлсэн нэг үг байдаг. Энэ нь “Энгийн, богинохон, оновчтой байх тусмаа хамгийн оновчтой хувилбар байдаг” гэсэн үг.

4. Бүтээмжтэй баг удирдах

Харвардын бизнесийн сургуульд хамгийн их давтамжтай үг юу байдаг вэ? Манлайлагч, багаар ажиллах гэдэг үг.

Харвардын бизнесийн сургуулийн Ричард Хакмэн /RichardHackman/ багшийн 60-30-10 гэсэн дүрэм байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ? Энэ нь багаар бүтээмжтэй ажиллах амжилтын 60 хувь нь багаа бүрдүүлэх, төлөвлөгөө, үүрэг, ажлын хуваарилалт, норм, зарчим зэрэг дүрмээ тохироход хамаардаг юм байна. Нэг ёсондоо дүрмээ тохироогүй бол баг бүтээмжтэй ажиллах амжилтын 60 хувийг алдаж байна гэсэн үг.

Ямар нэгэн ажил руу орохоос өмнө тоглоомын дүрмээ тохирохгүй бол багаар ажиллах оновчгүй, бүтээмжгүй болж таардаг. Дараачийн 30 хувь нь багийн ажиллагаа эхлүүлэх анхны уулзалтын хором мөчөөс хамаарна. Үлдсэн 10 хувь нь багийн менежмент хамтын ажиллагаанаас хамаардаг гэж зөвлөж байсан.

Гэтэл бид багийн ажлын 60, 30 хувиа хаядаг учир багаар ажиллах хэцүү, асуудалтай, хүмүүстэй муудалцах бүтээмж багатай байна. Тэгэхээр багаар зөв ажиллахын тулд тоглоомын дүрэм, анхны уулзалтандаа маш том ач холбогдол өгч байж, багаар бүтээмжтэй ажиллах боломжийг өөрсөддөө олгох юм байна.

5. Ном унших

Unlock Podcast-ийг хамтран бүтээгч гэдгээр та нар намайг таних байх. Бид Unlock Podcast-ийг хийж эхэлснээс хойш 3 жил болж, 75 номыг та нарт хүргэсэн байна. Бүгдээрээ ном уншицгаая гэж хэлмээр байна.

75 номыг хоёр долоо хоногийн давтамжтай уншаад, эргээд өөрийгөө харахад өөр хүн болсон байдаг. Залуучууд та бүхэн ном унших хэрэгтэй. Ном гэдэг бол зохиогчийн 20-30 жилийн судалгааны үр дүнд гарсан 200-хан хуудсанд багтааж бичсэн нөр их хөдөлмөр, маш их мэдлэг байдаг. Ном болгоноос 3-5 мэдлэгийг өөртөө шингээж чадах юм бол эргээд бид дараачийн түвшинд хүрэх, аливаа зүйлийг өөр өнцгөөс харахад хангалттай мэдлэг болж үлддэг юм.

Би Харвардын бизнесийн сургуульд өөрийн сурсан хамгийн ТОП 5 сургамжийг та бүхэнтэй хуваалцлаа. Номноос сурсан, мэдсэн зүйлээ хамтдаа хуваалцаж, хамтдаа хөгжцгөөе.

https://www.facebook.com/NAMZH.mn/videos/554015618549021/?v=554015618549021

Б.БАЯРМАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here