
Налайх дүүргийн онцгой комиссын гишүүн, Налайх дүүргийн Засаг даргын нийгэм, эдийн засаг хариуцсан орлогч Х.Анхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Шинэ 7 хоногийн мэнд. Маргааш буюу 2020 оны 3 дугаар сарын 3-аас хорио цээр тавигдах гэж байна. Хорио цээрийн үед УБ хот руу хэдэн унаа, хүн орох болон УБ-аас гарах чиглэлийн хөдөлгөөн хийгдсэн бэ? Онцгой комисс хэр хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллав?
Баярын өдрүүдэд зам хаалттай, өндөржүүлсэн бэлэн байдалтай, хорио цээрийн дэглэмийн үед ажилласан. Энэ өдрүүдэд бол хот руу нэвтрэх шаардлагатай гэсэн иргэд маш ихээр ирсэн. Улсын онцгой комиссын зааварт орсон яаралтай дээд шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай өвчтөн буюу 13а маягттай хүмүүс. Мөн ар гэрийн гачигдал гарсан, хүнс хангалтын машинууд, шатахууны машин, банк санхүүгийн АТМ цэнэглэдэг ажилтан, эмийн сан буюу эм хангалтын машин зэрэг өдөрт 50-60 машинд /Налайх дүүргийн/ зөвшөөрөл олгож, 1000 гаруй тээврийн хэрэгслийн доторх зорчигчдын халууныг хэмжин зөвшөөрлөөр нэвтрүүлсэн гэсэн мэдээ байна. Энэ бол зүүн аймаг болон урд аймгуудаас дээр дурдсан шалтгаантай хүмүүс нэвтэрсэн байгаа.
Хөл хорио тогтоогоод 8 хонож байна. Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ хэрхэн ажилласан бэ?
Хорио цээрийн дэглэмийг 3 дугаар сарын 3-ны өглөө буулгаж байна. Гэхдээ энэ бол хорио цээр буулаа гээд бусад дэглэм бууж байгаа хэрэг бол биш. 3 дугаар сарын 30 хүртэл сургууль, цэцэрлэг хорио цээртэй байгаатай холбогдуулан онцгой комисс бол ажлаа үргэлжлүүлнэ.
Бид 1 шуурхай штабтай ажиллаж байна. Энэ шуурхай штабт 2 хүн 24 цагаар ажиллаж байна. Өнөөдөр налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Байгаль, Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Баярмаа нар ажиллаж байна. Баярын өдрүүдэд дүүргийн удирдлагууд бүтэн ажиллалаа. Пост дээр онцгой байдлын 4 албан хаагч, эрүүл мэндийн 4 албан хаагч, мэргэжлийн хяналтын хэлтсийн 2 албан хаагч, цагдаагийн 4 албан хаагч, дүйцүүлэхийн албан хаагчид 24 цагаар ээлж хүлээлцэн тасралтгүй ажиллаж байна.


