Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргах боллоо.

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологиор хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар болжээ.

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой болох юм байна. Шинэчилсэн хэлбэрт гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон гурван хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Харин шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм.

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлж байна. Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна гэж Монголбанкнаас мэдээлж байна.

Б.БАЯРМАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here