Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас Урт цагааны барилга дотор үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан нь түрээслэгчид болон монголчуудын онцгой анхаарал, сэжигийг төрүүлээд байна.
Энэ нь ямар зорилго агуулсан шийдвэр вэ?
Учир нь Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир үйл ажиллагааг нь зогсоох Хотын даргын захирамж гарчээ.
Энэ талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас мэдээллэхдээ “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект болоод байна. Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан” гэжээ.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Жуулчны гудамжинд байрлах худалдаа үйлчилгээний “Урт цагаан” төвийн үйл ажиллагааг хаах шийдвэртэй холбогдуулж, тус төвд үйл ажиллагаа эрхлэгч түрээслэгч иргэд, аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж эхлээд байна.
Урт цагаан хэмээх бэлгэдэлт нэртэй барилгын түүх
Урт цагааны барилга нь 1958 онд тухайн үеийн үйлдвэр хоршооллын харьяа артелуудын хөрөнгөөр баригджээ. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгөөр баригдсан анхны үйлчилгээний төв юм байна.
Тухайн үедээ Нийтийн ахуйн үйлчилгээний яаманд харьяалагдаж, 1990 онд татан буулгасны дараа Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж, Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын дансанд бүртгэсэн байна. Урт цагаан төвийн барилга нь 7666.19 кв.метр талбайтай. 28365.9 куб метр эзлэхүүнтэй. Барилгын хийцийн хувьд бетон суурь, тоосгон хана, модон хучилт, төмөр болон хар цаасан дээвэр, модон хамар ханатай. Төвлөрсөн системд холбогдсон хоёр болон гурван давхар барилга гэж тодорхойлжээ.
Урт цагааны түрээслэгчдийн эхний тэмцэл
Улаанбаатар хотыг удирдаж буй МАН-аас томилогдсон дарга нарын гаргасан энэ шийдвэр нь тус төвийн нийт түрээслэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндлөө гэж түрээслэгчид ярьж байна.
Урт цагаан хөгжил холбооноос нэгдүгээр сарын 22-ны өдөр хэд хэдэн шаардлагыг Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газарт тавилаа.
Нэгд, Урт цагаанд 1000 гаруй түрээслэгч, жижиг, дунд бизнес эрхлэгч нар ажилладаг. Энэ шийдвэр нь тэдний ард байдаг 5000 гаруй иргэдийн аж амьдралд нөлөөлж байна.

Хоёрт, Урт цагааныг түрээслэгч нар хуулийн дагуу давуу эрхтэйгээр хувьчилж авах шийдвэрийг өдий хүртэл огт хэрэгжүүлээгүй байна.
Гуравт, Түрээслэгч нар урт цагааныг засварлаж, арчилж, тордож хөрөнгө оруулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт тавьдаг ч огт зөвшөөрдөггүй учраас барилгын өнгө үзэмж гадна, дотор талдаа арчилгаа муутай харагддаг. Энэ нь албаар муухай харагдуулах санаатай үйлдэл юм.
Дөрөвт, Урт цагаан нь Азийн Архиктектурын Холбооны түүхийн дурсгалт барилгаар 2015 онд бүртгэгдсэн байдаг. Барилга нь чулуун суурьтай, бетон цутгамал 64-н тоосгон ханатай өндөр чанартай барилга. Цаашид 200-300 жилийн хугацаанд ч барилгын хийц, чанар алдагдахгүй.
Тавд, Тогтоол шийдвэрийн дагуу түрээслэгч нарт хувьчлах нь цорын ганц зөв шийдвэр. Ингэснээр барилгыг түрээслэгч нар богино хугацаанд гадна, доторгүй засаж тохижуулж хотын хамгийн өнгө үзэмжтэй барилгын нэг болгож чадна.
Зургаад, Хотын захирагч С.Амарсайхан Урт цагааныг нураах шийдвэрээ цуцалж, түрээслэгчдэд хувьчлах олон жил хүлээсэн шийдвэрийг даруй хэрэгжүүлэхгүй бол энэ хаврын хамгийн дуулиан шуугиантай улс төрийн тэмцэл урт цагаанаас эхлэх болно гэдгийг нийт 1000 гаруй түрээслэгч нар эвлэлдэн нэгдсэн Урт цагааны хөгжил холбооноос албан ёсоор мэдэгдээд байна.
Энэ төвийн эргэн тойронд Монголын бэлэн мөнгөний эргэлтийн бараг 60 орчим хувь нь эргэлдэж, худалдааны чөлөөт эргэлтийн бүс болсон гэж тэд үзэж байна.
Дашрамд дурдахад, тухайн үеийн Нийслэлийн захирагч байсан С.Наранцацралтын захирамжаар Урт цагааны зарим корпуст, мөн зарим хувиараа бизнес эрхлэгчид өөрийн түрээслэж буй өрөөндөө компани болон хувиасаа хөрөнгө оруулалт хийж, гадна, дотор талд их засвар хийжээ. Тухайн үед энэхүү хөрөнгө оруулалт, мөн оногдох талбайг нь хувьчлах тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5-р сарын 28-ны өдрийн 0320-р шийдвэр гарсан байна. Уг шийдвэрийн дагуу хөрөнгө оруулалтаа баталгаажуулсан компаниуд ч тус төвд ажиллаж байна.
Тэд хэлэхдээ, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хуулийн дээгүүр давж алхсан Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай НЗД-ын захирамжийг 2020 оны хоёрдугаар сарын 19-нд гаргаж байгаа нь маш буруу юм. Иймээс НЗД-ын энэхүү хууль бус захирамжийг Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх болон эрх мэдэл бүхий шударга албан тушаалтнууд таслан зогсоож, арга хэмжээ авахыг шаардаж байна. Бид Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа.

Энгийн, жирийн иргэдэд цагдаа, шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй гэж баривчлах, эсвэл торгох, шийтгэх зэрэг хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүд шүүхийн тогтоол, шийдвэрийг үлтоомсорлосон тогтоол, захирамж яагаад гаргаад байдаг юм бэ?
Ядарсан жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дээрэлхэж, ажлын байр сууцыг нь ямар зорилготой булааж авах гээд байгаа юм бэ? Энэ бүх асуудалд бид хариултаа авахыг хүсч байна хэмээн шаардлаа.
Б.БАЯРМАА