Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.
Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд: Засгийн газрын хуралдаанаар коронавирусын халдварын асуудлаар хэлэлцсэн.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд шинэ коронавирусийн халдвар тархсанаас 73 мянга гаруй өвчилж 1,873 хүн нас бараад байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-д өргөн тэмдэглэдэг хаврын баярын үеэр халдварын голомт болох Ухань хотоос орон даяар аялал, шилжилт хөдөлгөөн хийсэн. Ухань хотоос 5 сая хүн, БНХАУ-ын хэмжээнд 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь энэ өвчин түргэн тархацтай явагдаж өвчлөхөд нөлөөлсөн байна. Энэ өвчний нууц үе нь нэлээд урт, халдварлалт нь өндөр, өвчний дамжих зам одоо болтол бүрэн гүйцэд тодорхой биш.
Шинэ вирусийг судлаж байгаа талаар ДЭМБ онцлоод энэ өвчинтэй тэмцэх бүхий л боломжит арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, авсан арга хэмжээнийхээ хүчийг сулруулахгүй байх зөвлөмж өгч, анхааруулж байгаа. Олон улсын эрдэмтэд, судлаачид энэ өвчний тархалт дөрөвдүгээр сараас буух магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байна. Аливаа шинэ гарсан вирусийн хамгийн идэвхитэй дээд цэгтээ хүрэх үе, нийгмийн дархлаа болоод эмчилгээний аргатай тэмцэх явцад өвчний тархалт буурдаг байна. Яваандаа эмчлэх арга нь олдоход дэлхий даяар тархсан вирусын өвчин аюултай хэмжээнд хүрэх нь буурдаг зүй ёсны явц явагддаг юм байна.
Ер нь манай улсаас БНХАУ-д аялж, амьдарч, зорчиж байгаад ирсэн 179 монгол иргэнийг тусгарлаж, шинжилгээ ажиглалт хийсэн. УОК-ын ажлын хэсгээс коронавирусийн халдвар Монголд орж ирж, тархах өндөр эрсдэлтэй гэдэг үнэлгээ хийсэн. Сэжигтэй тохиолдлуудыг өвчний нууц үе буюу 28 хоног тусгаарлаж байгаа. Засгийн газар өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзээд гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан. Энэ хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.
Одоо УОК болон Засгийн газарт хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ талаар Цагаан сар хүртэл нэлээд хугацаа байна тэр болтол ярьж болох юм.
Харин зарим аймгууд өөрсдөө тийм шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл аваад байна. Ийм шийдвэрийг аймгууд дангаараа биш Зам тээвэр, хөгжлийн сайдтай харилцан зөвшилцөж байж гаргах ёстой байдаг. Мөн гуравдугаар сарын 2-н хүртэл хичээл, сургууль ямар дэглэмээр явсан яг түүгээрээ л үргэлжилнэ. Хорио тавьсны дараа алдсан хугацаагаа нөхөхийн тулд Бямба гарагуудад хичээллэх болно.
Ер нь хил гаалиа хааж байгаа явдал ганцхан Монголд ч биш дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн. Энэ нь манай улсын төсвийн орлогод нөлөөлж байгаа судалгааг бид хийж байна. Засгийн газрын зүгээс нэгдүгээрт, энэ өвчнийг оруулж ирэхгүй, урьдчилан сэргийлэхэд их анхаарал тавьж байгаа. Хоёрдугаарт, төсвийн орлого буурч байгааг яаж нөхөх үү, ийм үед Хятадын талтай яаж ажиллах вэ гэдгийг ярьж байна. БНХАУ хорио цээрийн хугацаагаа гуравдугаар сарын 28-н хүртэл сунгасан байна.
Б.БАЯРМАА