Коронавирусийн тархалтын голомт болох Хубэй мужийн Ухань хотод нөхцөл байдал ямар байгааг бодит үнэнээр нь сурвалжилж байсан хоёр ч иргэний сэтгүүлч сураггүй болоод байна.
Фан Бин, Чен Күиши нар хөл хорионд орсон Ухань хотын бодит байдлыг харуулсан зураг, бичлэгийг интернет орчинд цацаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан юм. Хараат бус мэдээ бэлтгэн гадаад орчинд цацдаг байж. Гэвч сүүлийн үед тэднээс сураг дуулдсангүй.
ФАН БИН ЧАДАХ БҮХНЭЭ СУРВАЛЖИЛНА ГЭЖ АМЛАЖ БАЙВ

Ухань хотын бизнесмэн Фан Бин нэгдүгээр сарын 25-нд хамгийн анхны бичлэгээ “YouTube” хуудсанд тавьж байжээ. Тэрбээр коронавирусийн тархалтын тухай бодит нөхцөл байдлыг сурвалжлахын тулд бүх чадлаараа хичээнэ гэдгээ амлаж байв. Түүний бичлэгийг Хятадад хориглосон тул VPN ашиглан нууцаар үзэх боломжтой юм байна.
Эхний бичлэгүүдээрээ жолоо барин Ухань хотын олон төрлийн газраар явж, байдал ямар байгааг харуулдаг байх үедээ 1000 орчим үзэгчтэй байв. Хоёрдугаар сарын 1-нд нийтэлсэн Ухань хотын эмнэлгээс 8 цогцос машинд ачиж байхыг харуулсан бичлэгийг нь 200 мянган хүн үзжээ. Тухайн өдөр цагдаагийн ажилтнууд гэрт нь дайрч ороод байцаалт авсан гэнэ. Баривчлан анхааруулга өгсний дараа сулласан байна.
Гэхдээ Фан Бин хоёрдугаар сарын 9-ний өдөр 13 секундын бичлэгийг дахин цахим орчинд тараажээ. “Ард түмэн минь бос. Засгийн газрын эрх мэдэл, хүч чадлыг ард түмэнд буцаан өг” хэмээн ярьж байсан юм. Энэ өдрөөс хойш түүний цахим сувагт дахин контент нэмэгдэж ороогүй, сураггүй болсон байна.
ЧЕН КҮИШИ: МИНИЙ БИЧЛЭГИЙГ ТҮГЭЭСЭН ХҮМҮҮСИЙН ХУВИЙН АККАУНТЫГ УСТГАЖ БАЙНА

Чен Күишигийн хувьд өнгөрсөн оны наймдугаар сард Хонконгийн жагсаалын тухай бичлэг бэлдэн интернет цацсаныхаа дараа олны анхааралд өртөж, нэр хүнд нь өссөн хүний эрхийн хуульч, видео сэтгүүлч юм. Энэ үеэс эхлээд л Хятадын эрх баригчдын хараа хяналтад орсон. 7000 дагагчтай “Weibo” цахим хуудсыг нь хүртэл устгаж байжээ. Гэсэн ч тэр бууж өгөөгүй.
Өнгөрсөн оны аравдугаар сард “YouTube” хуудас нээгээд 400 мянга орчим дагагчтай болсон. Твиттэр хуудас нь 265 мянган дагагчтай юм байна.
Чен өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа мэдэж байсан.
Чен Күиши Ухань хотод хөл хорио тогтоохоос өмнө нэгдүгээр сарын 24-нд сурвалжилга бэлтгэхээр тус хотыг зорьжээ. Эхний бичлэгтээ “Юу болж байгааг баримтжуулахын тулд камер хэрэглэнэ. Үнэнийг хэзээ ч нуухгүй гэдгээ амлаж байна” хэмээн хэлж байлаа. Тэр Уханьд очсоныхоо дараа олон эмнэлгээр зочилж, өвчтөнүүдээс яриа авч, нөхцөл байдлын талаар мэдээлж байв.
Чен өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа мэдэж байсан аж. Мөн “Хяналт шалгалт хатуу байна. Миний бичлэгийг түгээсэн хүмүүсийн хувийн аккаунтыг устгаж байна” гэж BBC агентлагийн Жон Судвортод ярьж байжээ. Түүнийг хоёрдугаар сарын 6-наас хойш холбоо тасарсан талаар ээж болон найзууд нь твиттерээр мэдээлсэн юм. Чений найз гэх Шиү Шиаодон сүүлд нь хүчээр хөл хорионд оруулсан хэмээн “YouTube”-д бичлэг нийтэлж байв.
ЭРХ БАРИГЧИД ЯМАР ТАЙЛБАР ХИЙВ?
Хятадын эрх баригчид энэ асуудал дээр ам чангатай байна. Фан Бин болон Чен Чюши нар одоо хаана байгаа, хэрвээ хөд хорионд орсон бол хэзээ гарч ирэх талаар албан ёсны тодорхой мэдээлэл алга. “Тэднийг нэг бол цагдаа нар авч явсан, эсвэл хүчээр хөл хорионд оруулсан байх. Тодорхойгүй хэвээр байна. Ядаж эрх баригчид ар гэрт нь мэдээлэхл өгөх хэрэгтэй” хэмээн хүний эрхийн Эмнести олон улсын байгууллагын судлаач Патрик Пүүн ярьжээ.
Хятадын эрх баригчид дуу хоолойгоо өргөсөн идэвхтнүүдийг чимээгүй болгохдоо нэн туршлагатай. Коронавирусийн тархалтыг хяналтан дор байлгаж байгаа гэдгийг олон нийтэд харуулахыг хичээж буй.
Эх сурвалж: BBC, http://gogo.mn/ Э.ОНОН