Дорнод аймгийн Политехникийн коллежийн танхимд Оросын Холбооны Улсад сургууль төгсөгчдийн уулзалтыг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр маш сайхан тэмдэглэж байлаа.

Монголын хамгийн анхны сэхээтнүүдийг хуучнаар ЗХУ-д бэлтгэсэн нь эдүгээ боловсрол, соёлын их суурь Монголд хөгжсөн юм.
Дорнод аймгийн ард түмэн социалист нийгэмд оросуудтай хамгийн ойр дотно ажил хэргийн харилцаатай байсныг тодотгож, сүүлийн жилийн нэгэн үйл явдлыг дурсъя.

Долоон жилийн өмнөх уулзалтад Дорнод аймагт байгуулагдсан орос хэл сонирхогчдын “Матрёшка” клубын нээлтийн арга хэмжээнд оролцохоор уригдан ирсэн Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат багш Д.Цогзолмаа, аймгийн “Монгол-Оросын найрамдлыг дэмжих нийгэмлэг”–ийн тэргүүн Г.Цолмон, Чойбалсан хотод ажиллаж амьдарч байгаа Оросын Холбооны Улсад их, дээд, тусгай дунд сургууль төгсөгчид болон Дорнод аймагт барилгын үйл ажиллагаа явуулж байсан Зөвлөлтийн барилгын трест буюу монголчуудын нэрлэж заншсанаар СМУ-д ажиллаж байсан ахмад барилгачид оролцов.

Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгээс зохиож байгуулсан ажил, өнөөгийн зорилтын талаар тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа дэлгэрэнгүй ярьж танилцуулсан.
Уулзалтад оролцогчдоос тавьсан асуултад хариулт өгч цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх ажлын талаар үнэтэй санал солилцов.

Монгол улсын төдийгүй зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойбалсан хотыг барьж байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, 1970 оноос Дорнод аймагт барилгын үйл ажиллагаа явуулж байсан Зөвлөлтийн барилгын трест /СОТ-3/ буюу монголчуудын нэрлэж заншсанаар СМУ-д ажиллаж байсан ахмад барилгачдаас баяр хүргэн үг хэлж, дэд ерөнхийлөгч Д.Цогцолмаад дурсгалын зүйл гардуулсан юм.

Дараа нь Монгол-Оросын найрамдлыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг найрамдлын медаль, хүндэт тэмдэгээр шагнах ажиллагаа явагдсан билээ.

Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн Холбооны дээд шагнал “Найрамдлын алтан од” медалиар Дорнод аймгийн Засаг дарга асан Д.Дагвасүрэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гадаад харилцааны ажилтан Д.Ганболд, хүндэт тэмдэгээр 30 гаруй жил орос хэлний хичээл заасан ахмад багш Сэдда, Г.Гэрлээ, ахмад настан П.Бадамдорж нарын 7 хүн шагнагдаж байлаа.

Аймгийнхаа нийгэм эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, ахмад үе, өвөг дээдсээс үндэс суурийг нь тавьсан Монгол-Оросын ахан дүүгийн найрамдалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд Оросын Холбооны Улсад сургууль төгсөгчид хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч ихийг бүтээх хүсэл зоригийг бадрааж, нэгийг бодогдуулж, үнэтэй санал солилцсон ач холбогдолтой уулзалт болсон юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТАН Д.ГАНБОЛД