БНХАУ-д “Pizza Hut”-ийн борлуулалт IV улиралд шинжээчдийн таамгаас доогуур гарч, “Yum China”-ийн хувьцааны ханш буураад байна.

Тус улсад түргэн хоолны салбарын өрсөлдөөн ширүүсээд байгаа юм. Мөн шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар энэ онд цэвэр ашиг болон борлуулалтад сөргөөр нөлөөлөхөөр байгааг тус компани мэдээллээ. “Yum China” компани Хубэй муж дахь “KFC”, “Pizza Hut”-ийн дийлэнх салбараа хаасан байна. Түүнчлэн БНХАУ даяар түргэн хоолны нийт салбарынхаа 30 хувийг хаасан, хэзээ нээх нь тодорхойгүй байгаа юм. Энэ оны эхний улиралд үйл ажиллагаа нь алдагдалтай гарах магадлалтай байгаагаа мэдээлжээ. Ийнхүү шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар БНХАУ-ын түргэн хоолны бизнест нөлөөлж байгаа нь Монголд ч давтагдаж болзошгүй байна.

Монгол Улсын хувьд 2019 онд тэжээвэр шувууд буюу тахианы мах, тэдгээрийн дайвар бүтээгдэхүүний импортынхоо 96.3 хувийг БНХАУ-аас авсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Өнгөрсөн онд нийт 23.7 сая ам.долларын үнийн дүн бүхий тахиа, шувууны мах импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсжээ. Энэ нь биет дүнгээрээ 12 мянга 700 тонн давсан байгаа юм. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гахай, тахианы мах, тэжээл, өндгийг импортоор оруулахыг түр хугацаанд хориглох саналыг Улсын Онцгой комисс Засгийн газарт оруулаад байна.


Эх сурвалж: Bloomberg.mn
, Б.Төгсбилиг  

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here