Хотын захирагч С.Амарсайхан яармагт царцсан 360-н хүүхдийн эмнэлгийн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа.
Энэ үеэр Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэл хийж буй “Томо Бюлдинг” ХХК-ийн төлөөлөл ярихдаа
…Барилгын ажилд эмнэлэг бариулын системтэй байх ёстой гэсэн нэмэлтээр тусгагдсан. Одоогийн байдлаар хийгдсэн ажлуудад барилгад хэрэглэж байгаа хулдаас болон ханын будгууд нян бактери үрждэггүй байх ёстой гэсэн стандарт шаардлагууд тавигдсан. Харин бид барилгыг үргэлжлүүлэн барих урьдчилгаа
санхүүжилтээ аваагүй ажиллаж байна.
Бүх ажил өөрсдийн эх үүсвэрийн санхүүжилтээр явагдаж байгаа гэж тайлбарлав.
Дараа нь хотын захирагч хэдэн асуултыг хамтран гүйцэтгэгч, захиалагч нарт тавилаа.
С.Амарсайхан: Барилгын ажил одоо хэдэн хувьтай байна вэ?
Хүүхдийн эмнэлгийг барьж буй барилгын төлөөлөл: Бид 2017 онд энэхүү барилгыг хүлээж авахад тухайн мэргэжлийн байгууллагууд хамтарч ажилласан. Тэр үед барилгын карказ дууссан байдалтай хүлээж авсан. Одоо барилгын ажил 90-95 хувийн гүйцэтгэлтэй байна.
С.Амарсайхан: Одоо 90-95 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтанд өгөхөд хэдий хугацаа шаардагдах вэ?
Хүүхдийн эмнэлгийг барьж буй барилгын төлөөлөл: Одоо хил хаасан. Хятадад үйлдвэрлэл зогссонтой холбоотой бид цахилгааны монтажны үндсэн гэрэлтүүлгийн материалууд, сангийн тоноглолууд болох угаалтуур, нооль, суултуур зэрэг үндсэн материалуудыг авах ажил саатаж байна. Бидний шинээр гаргасан төлөвлөгөөний дагуу 3 дугаар сарын 30-ны өдөр дуусгах юм. Ер нь энэ оны 1-р улиралд багтааж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ЭМЯ: Бид Үндэсний хөгжлийн газартай гэрээ хийж, концесоор ажиллаж байгаа. Бидний хувьд захиалагч. Энэ барилга аль болох хурдан ашиглалтанд орох юм бол иргэдэд үзүүлэх хүүхдийн тусламж үйлчилгээ төдийн хэмжээнд сайжирна гэсэн хүлээлттэй байгаа.
Хүчилтөрөгчийн ханын систем хүүхдийн тусламж үйлчилгээнд зайлшгүй байх ёстой нэг шаардлага бий. Мөн гадна зам, орчны тохижилтыг нэмэлтээр оруулсан. Хамгийн гол нь санхүүжилтийн асуудалд бэрхшээл учирч байна гэж үзэж байгаа.
С.Амарсайхан: Үндэсний Хөгжлийн газар энэ барилгын гэрээний хэрэгжилт биелэлтэнд ямар хяналт тавьж ажилладаг вэ. 2018 оны 4 дүгээр сард эхэлсэн ажил юм байна. Ямар дүгнэлт хийж байгаа вэ?
Үндэсний хөгжлийн газар: Барилгын ажил гэрээний дагуу явагдаж байгаа. 2017 онд гэрээ байгуулж, 2018 онд барилгын ажил эхэлсэн. 2019 оны 11 дүгээр сард дуусах ёстой ажил байсан. Гэхдээ санхүүжилтын асуудлаас болж ажил саатаж байгаа. Гүйцэтгэгч маань 2020 оны 3 дугаар сард ашиглалтанд оруулъя гэсэн зорилго тавьж байгаа.
Эхний санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаснаар наймдугаар сард санхүүжилт хийгдэх ёстой. Гүйцэтгэгчээс тавьж байгаа шаардлага бол 10 тэрбум төгрөгний хөрөнгөний асуудлыг шийдэхгүй бол бидний ажилд хүндрэл учирч байна гэсэн асуудал юм. ЗГ-т хоёр удаа энэ асуудлыг танилцуусан ч одоо шийдэгдээгүй байна.
www.ardnews.mn Б.БАЯРМАА




