Зургийн эх сурвалж: CNN

Дэлхий дахин коронавирусийн эсрэг хамтдаа тэмцсээр байна. Одоогоор уг өвчнөөр 300 гаруй хүн хорвоог орхиж, 17000 гаруй хүн халдвар авсан нь тогтоогджээ. Хоногийн дотор халдвар авсан хүний тоо 2590-ээр, амиа алдсан хүн 45-аар нэмэгдсэн байна.

Хятадын иргэдийг хил нэвтрүүлэхийг хориглосон улс орнууд нэмэгдэж, Хятадаас ирсэн өөрийн улсын иргэдийг тусгаарлаж байгаа юм.

БНХАУ-ын Хубэй мужаас ирсэн иргэдийг 14 хоногийн турш тусгаарлаж, дараагийн хоёр долоо хоногийн хугацаанд эмчийн хяналтан дор биеийн байдлаа ажиглах зөвлөмж өгч байна.Пентагон Калифорни, Колорадо, Техас дахь дөрвөн цэргийн бааздаа 1000 хүний тусгаарлах өрөө гаргахад бэлэн байгаа ажээ.

Mанай улсаас гадна АНУ, Австрали, БНСУ, Шинэ Зеланд, ОХУ, Пакистан, Итали болон Сингапур зэрэг улсууд Хятадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ аваад байгаа билээ.

Пентагон Калифорни, Колорадо, Техас дахь дөрвөн цэргийн бааздаа тус бүр 250, нийт 1000 хүний тусгаарлах өрөө гаргахад бэлэн байгаа ажээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд хориг арга хэмжээ авах нь илүү их хор хохирол учруулах эрсдэлтэй хэмээн үзэж байна. Учир нь ийнхүү хориг арга хэмжээ авснаар мэдээлэл, туршлага солилцох, эм бэлдмэл нийлүүлэхэд хүндрэл учирч, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулна гэж үзэж буй.

ДЭМБ үүний оронд хил дээр болон нисэх буудлуудад эрүүл мэндийн үзлэг хийж байхыг зөвлөж байна. Хилээ хааснаар хүмүүс албан бус замаар хил нэвтрэх гэж оролдох тул вирусийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ.

Хятадын зүгээс хориг тавьсан улс орнуудыг ДЭМБ-ын албан ёсны зөвлөмжийг дагахгүй байна хэмээн буруутгаж байна.

Хятад ямар арга хэмжээ авч байна вэ

11 сая хүн амтай Ухань болон Хятадын хэд хэдэн хотын орц гарцыг хориглосон. Мөн өдөр тутмын амьдралд нэн шаардлагагүй дэлгүүрүүд, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоожээ.

Хуанган болон Вэньжоу хотод гэр бүлийн нэг л гишүүн /зөвхөн тухайн хүн/ гэрээсээ хоёр хоногт нэг удаа хүнсний зүйл болон нэн шаардлагатай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахаар гарах боломжтой.

Хубэй мужийн эрх баригчид цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 13 хүртэл сунгасан байна. Түүнчлэн гэрлэлтээ батлуулахаас эхлээд олон нийтийн бүхий л арга хэмжээг түр хугацаагаар зохион байгуулахыг хоригложээ.

Дэлхий дахинд дараах арга хэмжээг авч байна

  • Энэтхэг улс Уханиас 300 иргэнээ нүүлгэн шилжүүлжээ. Герман 100 орчмыг, Тайланд болон Орос ойрын өдрүүдэд нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
  • Европын орнуудаас эм бэлдмэл нийлүүлэх нөхцөлөө хөнгөвчлөхийг БНХАУ Европын холбооноос хүсчээ
  • Vietnam Airlines авиа компани Хятад, Хонконг, Тайванийн нислэгээ цуцаллаа. Австралийн Qantas, Air New Zealand, Air Canada болон British Airways компаниуд нислэгээ хязгаарлаж, Хятадын зарим муж руу хийдэг зарим нислэгийг бүрмөсөн цуцалсан байна.
  • Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн захидал илгээжээ.
  • Хятад дахь Hyatt, Radisson болон Hilton зочид буудлууд захиалгаа цуцлах үйл явцыг хөнгөвчилжээ
  • Apple компани Хятад дахь дэлгүүрүүдээ түр хугацаагаар хаахаа мэдэгдсэн байна
  • Их Британийн эрх баригчид Хятадын нутаг дэвсгэр дээрх Элчин сайдын яам болон консулын газрын ажиллагсдаа татахаар болжээ.

Эх сурвалж: BBC, http://gogo.mn/ А.МИШЭЭЛ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here