Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайнт 13 настай охин Жианна охины хамт нисдэг тэрэгний ослоор амиа алдаж олон хүн уй гашууд автсан. Түүний эхнэр Ванесса Брайнт өнөөдөр зул сараар авахуулсан гэр бүлийнхээ зургийг гашуудлын бичвэрийн хамт инстаграмдаа нийтэлжээ.
Тэрбээр “Бидний уй гашууг хуваалцаж, дэмжлэг үзүүлж буй олон сая хүнд би болон миний охид талархаж буйгаа илэрхийлье. Залбирч буй бүгдэд нь баярлалаа. Бид хайрт нөхөр, дөрвөн хүүхдийн гайхалтай аав Коби, Натали, Бианка, Капри нарын гайхалтай эгч, дүү болох үзэсгэлэнтэй, хайр татам охин Жианнагаа гэнэт алдаж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Мөн тэр өдөр хамтдаа амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлж, уй гашууг нь хуваалцаж байна.
Яг одоо мэдэрч буй зовлон шаналлаа үгээр илэрхийлнэ гэдэг хангалтгүй. Коби, Жижи хоёр маань түмэн олон тэдэнд ямар их хайртайг мэдсэн байх гэж бодон сэтгэлээ тайвшруулж сууна. Тэд бидний амьдралын нэг хэсэг байсан нь бидний хувьд ерөөлтэй хувь тохиол. Тэднийг бидэнтэй үүрд хамт байсан ч болоосой гэж хүсэж байна. Тэд бол бидэнтэй хэсэгхэн хугацаанд хамт байж, удалгүй буцаагаад авчихсан гайхалтай хайрууд минь байсан юм.
Өнөөдрөөс эхлэн бидний амьдрал хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна, тэдэнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй нь. Гэвч цаашид бидний амьдралын замыг гэрэлтүүлэх Коби, бидний бяцхан охин Жижигээ бодон өдрөөс өдөрт хичээсээр байх болно.
Тэдэнд өгсөн бидний хайр дуусашгүй, хэмжээлшгүй их. Би зүгээр л тэднийгээ тэвэрч, үнсэж бас адислахыг хүсч байна. Тэд маань бидэнтэй үүрд хамт байх болно.
Уй гашууг минь хуваалцаж, дэмжлэг үзүүлж буй та бүхэндээ дахин баярлалаа. Та бүхэн бидний хувийн орон зайд хүндэтгэлтэй хандаж биднийг бодит байдлыг хүлээн авч, учраа олоход минь дэм болоорой.
Мамбагийн гэр бүл, Мамба спортын сан хамтран МамбаГурав санг үүсгэн байгуулсан ба эмгэнэлт явдалд өртсөн бусад гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлнэ. Хандив өргөх бол MambaOnThree.org. хаягт хандана уу. Мөн Коби болон Жианнагийн нэрэмжит өсвөрийн спортын салбарт хандив өргөх бол MambaSportsFoundation.org. хаягт хандаарай.
Ванесса Брайнт: Бидний амьдрал хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүйХайрт Коби, Жижи, Натали, Бианка, Капри болон миний төлөө залбирч, сэтгэл санааг минь дэмжсэнд маш их баярлалаа.”