ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод өчигдөр хуралдаж шинэ төрлийн коронавирусын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргалаа.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем коронавирусийн халдвар эрүүл мэндийн тогтолцоо муутай орнуудад тархаж болзошгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрээр мөн “БНХАУ-ын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байна. Хятад улсад найдвар тасарсан гэсэн үг биш. Тус улстай гадаад худалдаа хийх, аялах зэргийг хязгаарлах шалтгаан байхгүй. Зарим олон улс орон хилээ хааж, нислэгээ цуцалж байна” хэмээжээ.
Түүнчлэн хүн төрөлхтөн 2014 онд Африкт гарсан Эбола вирусийн дэгдэлтийн үеэр ядуу, буурай орнууд өөрсдийгөө хамгаалж чадахгүй, ямар хүнд байдалд орсныг харсан. Коронавирус ч мөн адил ядуу, буурай орнуудад тархвал хяналтаас гарах магадлалтай.
ДЭМБ-аас онц байдал зарлаж буй нь коронавирусийг цаашид бусад улс руу тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, ядуу, буурай орнуудад дэмжлэг үзүүлж, коронавирусээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлэх боломж бүрдэх аж.
Пүрэв гарагийн байдлаар БНХАУ-д халдвар авсан хүн 7736, нас барсан хүний тоо 170-д хүрээд байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар БНХАУ-аас гадна дэлхийн 18 улсад 98 тохиолдол бүртгэгдсэн ба нас барсан тохиолдол одоогоор гараагүй аж.