“Шинэ Завхан” төслийн санаачлагч, “Мөнхөд ашдын зам” компанийн захирал Н.Мөнхбаясгалантай ярилцлаа.

-“Шинэ Завхан” төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэв. Ямар зорилготой хөтөлбөр вэ?

-Энэ төслийг санаачлах олон шалтгаан байсан. Нутаг орноо гэсэн сэтгэлтэй маш олон залуу гар бие оролцож, эл төслийг эхлүүлсэн юм. Тодруулбал, Завхан аймгийн сум бүрийн нийгэмд тодорхой байр суурьт хүрсэн залуусын төлөөлөл “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэн байгуулсан. Бидний хэдэн залуус жил гаруйн өмнөөс Завхан нутгийн өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар судалгааны ажил эхлүүлсэн л дээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард судалгааны ажлаа нэгтгэж, дууссан. Ингээд өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард энэ төслийг санаачлагч залуусын төлөөлөл төслөө танилцуулж, Завханыхаа сумдад ажилласан. Одоогийн байдлаар бид аймгийнхаа 14 суманд төслөө танилцуулаад байна. Ард иргэдэд яагаад энэ төслийг санаачлах болсон, судалгааны түвшинд хийсэн ажлуудаа танилцуулсан. Яагаад гэхээр, иргэдээсээ санал авч, төсөлдөө цаашид тусгах ёстой. Үүний тулд “Иргэдээ сонсъё”, “Малчдаа сонсъё”, “Ахмадаа сонсоъё”, “Залуусаа сонсъё”, “Эрдэмтдээ сонсъё” гээд үе шаттай аян эхлүүлсэн.

-Завханчуудаас ямар санал санаачилга гарав?

-Сум бүрийн онцлогт тохируулж төсөл хэрэгжүүлэх шаардлага гарсан. Яагаад гэхээр, иргэдийн зүгээс маш олон санал санаачилга гарлаа. Эдгээрийг багцлаад төсөлдөө тусгана. Уулзалт хийж байхад, иргэдийн зүгээс нутаг орноо хөгжүүлэх тал дээр маш оновчтой саналууд хэлж байсан. Түүнээс гадна манай төсөлд “Уул уурхайгүй Завхан” аймаг болъё гэх дэд хөтөлбөр бий. Үүнийг иргэд маш их дэмжсэн. Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд ч ийм бодлого барьж ажиллаж байгаа.

Гэтэл бодит байдалд тийм биш байна. Завхан аймагт өнөөдөр гурван суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Завханмандал, Сантмаргад, Дөрвөлжин сум юм. Энэ сумдад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд орон нутагтаа хэрхэн хамтарч ажиллаж, уул уурхайг яаж ашиглаж байна вэ гэдгээс харахад асуудал бодит байдлаас тэс өөр байгаа нь харагдсан. Дээрх гурван суманд ажиллаж амьдарч байгаа иргэдийн яриа, телевизийн мэдээ хүртэл байна. Хамгийн ноцтой нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж байгаа Баян-Айраг компанийн алтны уурхай.

Оюутолгойн дараа орох стратегийн томоохон ордод орох нөөцтэй энэ газарт тус компанийнхан Дөрвөлжин сумын иргэдийг ямар ч мэдээлэлгүй байлгаж чаджээ. Иргэд та бүхний төсөлд байгаа “Уул уурхайгүй Завхан” хөтөлбөр хэрэгжихгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Бид үнэхээр гайхсан. Ингээд тус уурхайн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцах гэсэн боловч чадаагүй. Гэхдээ тодорхой түвшинд саналаа бид хэлээд буцсан. Өнөөдөр улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа олон компани бий. Харин Баян-Айраг алтны уурхай цианит натри ашиглаж байгаа юм билээ.

-“Шинэ Завхан” төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах юм бэ?

-Бидний очиж ажилласан 14 сум бүгд уул уурхайтай холбоотой асуудлыг хөндөж тавьсан. Тийм ч учраас бид энэ асуудлыг яриад байгаа юм. Нутаг орноо, унасан газар угаасан усаа онгон дагшнаар нь авч үлдэж, цаашид хөгжүүлэх иргэдийн санал санаачилгын дагуу бид ажиллаж байна. Завхан аймгийн Отгон сумынхан мөн уул уурхайтай холбоотой асуудлыг хөндлөө. Отгонтэнгэр хайрханы өвөрт ашиглалтын А лиценз олгочихсон байна.

Монгол төрийн шүтээн Богд Очирваань хайрхан гэж монголчууд шүтэж ирсэн. Гэтэл тэнд уул уурхайн лиценз олгочихсон байна гээд та бод доо. Монгол төрийн тахилгатай уулын өвөрт яагаад ашиглалтын лиценз олгож байгаа юм. Энэ асуудлыг иргэд бидний уулзалтын үеэр мөн их хөндсөн. Удахгүй бид энэ талаар бэлтгэсэн мэдээ, сурвалжилгыг гаргана. Бид уулзалтын үеэр энэ асуудлыг анх мэдээд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн. Ашиглалтын лиценз олгосон хүмүүсийг бид шалгуулна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт бид хүсэлт хүргүүлнэ.

-Нутаг орноо хамгаалж, хайрлах нь Завхан нутгаар овоглож явж байгаа залуусын үүрэг гэдэг үүднээс энэ ажилд гар бие оролцож байгаа юм байна шүү дээ?

-Ерөөсөө тийм. Аймаг, орон нутгийн удирдлагууд ч “Уул уурхайгүй Завхан” аймаг болъё гэж байгаа. Бид тэр санаачилгыг дэмжиж байна. Өнөөдөр бид хэн нэгний ажлыг харлуулах, баллуурдах ямар ч зорилго байхгүй. Гагцхүү өнөөдөр хийж байгаа ажил ярьж байгаагаасаа тэс өөр буй учраас асуудлыг хөндөж байна. Яагаад өнөөдөр хэлсэн шигээ хийж болохгүй байна вэ. “Уул уурхайгүй Завхан” хөтөлбөрийг нийтээрээ хэрэгжүүлж чадвал бидний яриад байгаа “Шинэ Завхан-20-30” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн том үр дүн гарах юм.

-Тухайлбал?

-Аймаг бүр өөр өөрийн онцлог шинжийг агуулж, тэр дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт ярьж, жишиг бүс нутгууд болж эхэлж байна. Жишээ нь, Хэнтий түүхэн аялал жуулчлал, Дархан-Уул аж үйлдвэрийн парк, Хөвсгөл аялал жуулчлалын бүс, Дундговь үлэг гүрвэлийн бүс, Өмнөговь уул уурхайн бүс нутаг гэх мэтээр өөрсдийн баялаг, нөөц, боломждоо тулгуурлан хөгжиж байна. Завхан аймаг юугаараа онцлогтой юм. Бид өөрсдийн онцлогийг харуулахуйц жишиг бүс нутагтай болж байж хөгжлийн урт хугацааны хөтөлбөртэй болох ёстой.

-Танай аймгийн онцлог юу юм. Юугаараа бусад аймгаас ялгарах ёстой вэ?

-Завханчууд “Эрүүл хүнс-эко бүс” нутаг болох бүрэн боломж байгаа. Үүний тулд уул уурхайгаас ангид байх ёстой. “Эрүүл хүнс-эко бүс” болж чадвал үйлдвэрлэгч хот айлаас сум, орон нутаг хүртэл ядуурал, ажилгүйдлын түвшинг бууруулах бодит боломж байна. Ийм бүс нутаг болох нөөц, боломж, бааз нь ч манайд бэлэн байгаа. Жишээлбэл, Завхан аймгийн байгалийн онцлог гэж бий.

Маш олон төрлийн өвс, ургамал, шим тэжээлтэй жимс, жимсгэнэ тэнд ургаж байна. Дээрээс нь эрүүл хүнс Завхан аймагт бий. Үүн дээрээ түшиглээд хөгжүүлэх бүрэн боломжтой. Завхан бол маш аж ахуйн орон. Үүнийг хөгжүүлж чадвал завханчууд хөгжинө, эдийн засгийн хувьд ч чадавхитай болно. Ийм л хөгжлийн хөтөлбөрийг бид санаачлаад байгаа юм.

-Завхан аймагт өнөөдөр ажилгүйдэл, ядуурал ямар түвшинд байгаа бол?

-Би танд Статистикийн газрын гаргасан тоон мэдээллүүдийг хэлье. Ядуурлын түвшингээрээ улсын хэмжээнд Завхан аймагт хоёрдугаарт явж байна. Засмал замаар холбогдож байгаа хамгийн сүүлийн аймаг нь мөн л Завхан. Хүний хөгжлийн индексээр 21 аймгаас 14-т  орж байна. Хүний хөгжлийн индекст маш чухал үзүүлэлт байдаг. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр 16-т байна. Завхан аймгийн бодит байдал өнөөдөр ийм хэмжээнд л байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын чанарын үзүүлэлтээр 21 аймаг, есөн дүүргээс Завхан аймагт 26-д байна. Бүх статистик үзүүлэлтээр дундаас доогуур түвшинд байгаа.

Энэ бол өнөөдрийн Завхан аймгийн байгаа байдал, өнгө төрх. Бид бүхний гаргасан хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зэрэглэлийн аймаг болгох зорилт юм. Ийм боломж бидэнд байгаа. Өрсөлдөх чадварын индексийг гаргахдаа эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлэг статистик мэдээлэл зэрэг нийт 176 шалгуур үзүүлэлтээр гаргадаг.

-Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Засмал замтай холбогдож байгаа хамгийн сүүлийн аймаг гэж байна. Энэ бүхэн тодорхой хэмжээгээр нутаг орны хөгжилд нөлөөлж байгаа байх. Та өөрөө авто замын салбарын хүн. Нутаг орноо хөгжүүлэх, авто зам тавих чиглэлд та ажилласан уу?

-Би авто замын инженер мэргэжилтэй, удам дамжсан замчин залуу. Миний аав авто замын салбарт 40 жил ажиллаж байгаа хүн. Би энэ салбарт оюутан байхаасаа буюу 2000 оноос туслах ажилтнаар ажлын гараагаа эхлээд өнөөг хүртэл 20 дахь жилдээ ажиллаж байна. Би 2013 оноос хойш төрөлх нутагтаа ажиллаж байгаа. Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэл 127.1 км замын зөвлөх үйлчилгээ, хяналтыг манай компани гүйцэтгэсэн.

Бид бүхний шүтээн, хүндэтгэдэг “Солонгот”-ын давааны замыг манай компани гүйцэтгэгч компанид хяналт тавьж, зохион байгуулалтад оруулж, хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг 2013-2016 онд хийлээ. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд нутаг орноо хөгжүүлэх үйл хэрэгт оролцоод явж байна. 2018 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын сургуулийн ой болсон. Миний ээжийн төрсөн нутаг. Би ээжийнхээ ээж дээр өссөн. Энэ ойг тохиолдуулан манай компани сумын төвийн гэрэлтүүлгийг хийж өгсөн. Анх удаа улсын хэмжээнд Завхан аймагт дэлхийн жишгт нийцсэн нугардаг ухаалаг шон бүхий гэрэлтүүлэгтэй болсон. Автомат төхөөрөмжөөр шонгоо буулгаж, буцааж өргөдөг.

Гэрэл эвдэрлээ гэхэд хөдөө засахад хэцүү. Нугардаг шонтой болсноор доош буулгаад засах боломжтой гэсэн үг. Өнгөрсөн онд миний аавын төрсөн нутаг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 60 жилийн ой болсон. Энэ ойд зориулж, мөн сумын төвд гэрэлтүүлгийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж өгсөн. Өнгөрсөн хугацаанд төрөлх орон нутагтаа ажиллаж байхдаа би нутаг орноо хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээрээ нэгдэж ажиллах ёстой юм байна гэж бодсон.

-Аймаг, орон нутгийн удирдлагуудтай Завхан нутагт тулгамдаж байгаа асуудлаар хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Аймаг орон нутгийн удирдлагуудтай уулздаг. Манай компани Тосонцэнгэл сумаас Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км замыг барихад зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Энэ замын 60 орчим км нь уулын хамгийн хэцүү нөхцөлд хийж буй ажил. Өмнө нь хэд хэдэн удаа уг ажлыг хийх гээд амжилтгүй болж байсан юм билээ.

Нутаг орноо гэсэн сэтгэлээр бид энэ ажилд ханцуй шамлан орсон. Олон ч компани шалгаруулалтад нь ороогүй. Уг ажилд 2019 оны зургадугаар сараас эхлээд ажиллаж байна. Хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Автозамын ажил улирлын чанартай.

-Ер нь авто замыг ямар стандартаар барих ёстой юм. Замын чанартай холбоотой шүүмжлэл нийгэмд их байх юм аа?

-Замын чанар маш олон шалтгаантай. Үүнийг энд тоочиж барахгүй. Гэхдээ нэг хэсэг зам нь чанартай болоод нөгөө хэсэг нь чанарын шаардлага хангаагүй байна гэж иргэд үздэг. Замын салбарын инженер техникийн ажилтнуудын чадавх, компанийн хүчин чадал, нөөц боломж ямар байгаа вэ гэдгээс шалтгаалж буй зүйлүүд бий. Нуух зүйл алга. Үүн дээр улсын төсвийн хөрөнгө оруулалт, нэг км замыг олон улсад хэдэн төгрөгөөр барьж байгаа вэ гэдгийг бас бодож үзэх ёстой. Олон улсын хэмжээнд бид өөрсдийгөө жишиж ярих дуртай. Тэгвэл ОХУ нэг км замыг ойролцоогоор нэг сая ам.доллараар барьж байгаа.

БНХАУ-д ч ийм орчим. Харин Монгол Улс нэг км замыг нэг тэрбум орчим төгрөгөөр барьж байгаа. Үүнийг жишиж чанар, стандарт ярина гэвэл өрөөсгөл. Гэхдээ бид км замын жишиг өртөг бага байна гээд чанаргүй зам барьдагүй. Манайх олон улсын нөхцөл байдлыг жишиж ярьдаг учраас би иш татлаа. Дээрээс нь хоёр дахь зүйл нь удирдлагын түвшинд үүссэн асуудал байна. Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын авлигын асуудал байна. Саяхан хүртэл үүнтэй холбоотой шуугиан гарлаа. Үүнээс өмнөх хоёр дарга нь мөн авлигын асуудлаар шалгагдаж байгаа.

Замын салбарын бодлогыг удирдаж байгаа дарга нар яагаад ийм асуудалд холбогдоод байгаа юм бэ. Улс төр, замын салбар хоёр хэзээ ч нэг дор байж болохгүй. Замын буюу дэд бүтцийн салбарт яагаад ч улстөржиж болохгүй. Улаанбаатар-Дарханы 204 км замыг 5-6 сард хэзээ ч дуусахгүй. Ингэвэл технологийн горим алдагдана. Чанартай холбоотой асуудал. Үүнийг улстөржүүлж болохгүй. Сонгууль болдгоороо болоод дуусна. Дарханы замыг цаашид ашиглана. Сонгууль дуусаад Дарханы замыг аваад явчих гэж байгаа юм биш шүү дээ.  

-Иргэд Налайхын замтай харьцуулаад байх шиг байсан?

-Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэл 20.9 км замыг ашиглалтад оруулсан. 204 км замыг 20.9 км-тэй харьцуулаад олон нийтийн сүлжээгээр бичээд байх юм. Дарханы зам Налайхынхаас 10 дахин урт. Энэ хоёрыг хооронд нь харьцуулах ямар ч боломжгүй. Гэхдээ Дарханы замд сайн гүйцэтгэгч компани шалгаруулсан бол одоогийнхоос илүү ажиллах боломж байсан.

Налайхын замын зөвлөх үйлчилгээ, хяналтыг манай компани гүйцэтгэсэн. Маш амжилттай хэрэгжсэн төсөл. Энэ ажил маань хараахан дуусаагүй. Одоо бид явган хүний болон дугуйн замыг хийнэ. Явган хүний гүүрэн гарцыг таван цэгт хийгээд ирэх долдугаар сард бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна.

-Төрөлх нутаг Завхандаа цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-“Шинэ Завхан” төслийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Нутаг орныг удирдаж яваа болон цаашид авч явах хүмүүст нэг зүйлийг уриалж байна. “Шинэ Завхан” төсөл хэдэн залуусын өмчилсөн ажил биш шүү. Үүнийг хэрэгжүүлэх боломж бололцоо бүгдэд нь бий. “Шинэ Завхан-20-30” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг нийгэм өнөөдөр биднээс шаардаж байна. Энэ бол цагаа олсон ажил.

Завхан аймгийн төлөө сэтгэлтэй, Завхан гэх айлыг ямар нэгэн улс төрийн намын харьяалал, улстөржилтгүйгээр хөгжүүлэхийг та бүхнээс хүсэж байна. Бид бүхэн ч нутаг орноо гэсэн сэтгэлтэй залуусыг “Нутагтаа очиж ажилла” гэж уриалмаар байна. Мэдсэн, сурсан, олсон чадвараа нутагтаа очиж хийж хэрэгжүүлмээр байна.  

-Нээрээ та Монголын морин спорт уяачдын холбоонд харьяалагддаг уяачдын нэг байх аа?

-Би морь уях хоббитой. 2016 онд буюу Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор их насны морио айрагдуулж Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат гээд дуудуулах сайхан байсан. Төрийн наадамд морио айрагдуулна гэдэг уяач бүрийн хүсэл мөрөөдөл. Том буян заяа. Завхан аймгийн Цэцэн-Уул сумаар овоглож хоёр дахь удаагаа морь айрагдуулсан хүн болсон. Морь уях эрдмийг сураад төрийн наадамд морио айрагдууллаа.

Монгол эр хүн болсны бахархал юм даа. Нийслэлийн алдарт уяач цол хүртсэн. Улс, бүсийн чанартай уралдаанд 30 гаруй айраг, түрүү хүртсэн амжилттай. Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүний үүрэгт ажилтай. Хөдөө эмээ дээрээ өссөн учраас  Монгол ахуйдаа хайртай. Тэр ч утгаараа морь уядаг, хүлэг морио хайрладаг залуу уяач хүн. Байсхийгээд л хөдөө рүүгээ зорьдог доо.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here